АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалт зарлахаар боллоо
“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсжээ.
Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад “Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ.
Албан бичигт, “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүссэн аж.