Ерөнхийлөгч өө, Тамгын газарт тань амьдрал мэдэхгүй залуу охид байгааг өөрчилнө үү!
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны амрыг эрж мэндчилэхийн ялдамд төр засгийн шагнал урамшлын талаар ганц нэг санал хэлье. Шагнал урамшил зохих эзэндээ шударгаар очиж байх нь хувь хүнд болон хамт олон байгууллага нутаг ус нийгмийн чухал ач холбогдолтой. Гэтэл урд жилүүдэд шагнал урамшуулал хэт хавтгайрах, зохих эзнээ олохгүй байх, авбал зохих хүмүүс нь хасагдаж хоцрох, гавьяагүй гавьяатууд олшрох зэрэг гажуудал олон гарч байсан.
УДБЭ-ийн театрын ерөнхий найруулагчаар 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, тайз дэлгэцийн олон сайхан бүтээл туурвисан, "Ардын хатан баатар" киноны Магсаржав жанжны дүрийг онцгой сайн бүтээж "Үхэж үл болно Чингис хаан" киног санаачлан найруулж бүтээсэн. Л.Эрдэнэбулганд цол зэргийг нь нэмэгдүүлээгүй 30 гаруй жилийн өмнө олгосон УГЗ-ээс өөр юмгүй байна. Зүй ёсоор бол Л.Эрдэнэбулган найруулагчид төрийн соёрхол эсвэл ардын жүжигчин цол олгох учиртай.
СУИС-ийн ррофессор, ахмад багш О.Ичинхорлоо ч бас олон арван жилийн өмнө Болгар улсын театр урлагийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр амжилттай төгсөж, УДБЭ-ийн театр чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1980-аад оноос СУИС-д мэргэжлийн багшаар ажиллан 30 гаруй жилд олон шилдэг дуучдыг төгсгөж гаргасан. Түүний шавь нараас олон хүн МУГЖ цол хүртсэний дотор Г.Ариунбаатар нь олон улсын дуурийн дуучдын хоёр том тэмцээний тэргүүн байрыг эзэлж цэл залуугаараа "МУГЖ" цол мөн "Чингис хааны одон" хүртэж, дэлхийн хэмжээний дуучин болсон.
Түүнийг сургаж, хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн ур чадвар авьяасыг нь хөгжүүлж уралдаан тэмцээнд явахын өмнө хичээл, давтлага, заавар өгч байсан профессор багш О.Ичинхорлоог шавийнх нь талаар хийсэн нэвтрүүлэгт оролцуулж хэдэн үг хэлүүлсэн болоод таг чиг болж байгаа нь харамсалтай. Спортод олимп дэлхийн аварга болоход багш дасгалжуулагч нь хамт шагнал хүртдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл О.Ичинхорлоо багшийн шавь дэлхийн урлагийн олимпт түрүүлээд байна шүү дээ. Шударга ёс байдаг бол О.Ичинхорлоод "Ардын багш" цол олговол зохих билээ. Түүнд 10 гаруй жилийн өмнө МУГЖ цол олгохдоо оройтуулж байж 50 гарсан хойно нь өгсөн. Найруулагч Л.Эрдэнэбулган, багш О.Ичинхорлоо нар урлаг соёлд 50 жил өөрсдийгөө зориулсан ахмадууд. 70 насны босгыг давсан сайхан ахмадуудыг амьд сэрүүнд нь бүтээлийг нь үнэлж цэгнэх сэн.
Энэ дашрамд дурдахад ажил хөдөлмөр, бүтээл туурвилаараа зохих шаардлага хангасан ахмадуудад эхний ээлжид алдар цол одон медалуудыг саадгүй олгож байх хэрэгтэй байна. Энд нэг зохисгүй явдлыг хэлэхгүй байх аргагүй байна. Монгол Улсын Еренхийлөгчийн Тамгын газрын зарим ажилтнууд тухайлбал хэвлэл мэдээлэл захидал харилцаа шагнал урамшил хариуцсан хүмүүс хариуцлага сахилга зан харилцаа дэндүү муу байна.
Энд хүнд суртал гээч зүйл жинхэнэ ёсоор цэцэглэж байна. Ийм байдал урьд жилүүдэд ч байсаар ирсэн. Тэр ч байтугай иргэдийн захидал санал хүсэлт шагнал авах гэсэн материалыг үрэн таран болгодог, бичиг баримтаа үзье гэхэд үзүүлдэггүй хуучин материалыг чинь архивт оруулна гэж дарамтлан айлгах хүнд суртал одоо ч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт амьдрал мэдэхгүй, хоосон албархуу уур уцаар их, харилцааны соёлгүй залуу охид голдуу байгааг өөрчилж нас тогтсон мэдлэг боловсрол сайтай соёлч боловсон харилцаатай энгийн амьдрал мэдэх хүмүүс байх шаардлагатай байна.
Хүмүүсийн шагнал авах материалыг үндсэн байгууллага нь гаргаж, дараа нь захирал нар нь баталгаажуулсан бол ИТХ гэх мэт олон шат дамжлага ямар хэрэгтэй юм бэ? Одон медаль авах гэж тодорхойлогдсон тэр хүмүүс улсад 40, 50 жил хөдөлмөрлөсөн ахмадууд байна шүү дээ. Тэднийг элдэв шалтаг хүнд суртлаар хохироохоо больж, санал хүсэлтийг нь шуурхай шийдэж байх шаардлагатай байгааг эрхэм Ерөнхийлөгч та эрх биш болгоох буй за. Тэд улс эх орныхоо төлөө 50 60 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөснийхөө төлөө төр засгаараа үнэлүүлж цэгнүүлэх гэж байгаа болохоос биш, хэн нэгэн хүнд сурталтны тоглоомын бөмбөг болмооргүй санагдана.
Нийгэм судлаач, ахмад багш Ж.ЛХАСҮРЭН