Монголд хиймэл оюун ухаан ашиглан хуурамч фэйсбүүк хаяг шалгадаг систем нэвтрүүлнэ гэв
Өнөөдөр “Фэйсбүүк” компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид Монголын талын төлөөлөгчидтэй уулзаж, цахим орчинд хуурамч мэдээ, мэдээлэл түгж, нийгмийн сэтгэл зүйг эвдэж, хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буйд хэрхэн зөв зохистой хэрэглээ бий болгох, цэгцлэх асуудлаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр ХХМТГ-ын дарга Б.Чинбат “Хуурамч фэйсбүүк хаягыг хаах нь нэг талаараа зөв боловч, хүний эрхийг зөрчих буй асуудал. Энэ асуудлаар фэйсбүүк компанийн олон улсад хэрэгжүүлж буй туршлага, системийн хөгжүүлэлттэй туршлага солилцох асуудлыг ярилцаж байна” гэж хэлэв.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар (ХХМТГ)-ын урилгаар ирсэн “Фэйсбүүк” компаний төлөөлөгчдийн нэг, Хонконг-Тайванийн болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен “Монгол Улсын хүн амын талаас их хувь нь фэйсбүүк хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих шаардлагатай болсныг илтгэж байна.
Фэйсбүүк орчинд хуурамч мэдээлэл түгээх, олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлэх байдал их гарч байна. Манай компани хиймэл оюун ухаан ашиглаж фэйсбүүк хаягуудыг хуурамч эсэхийг шалгадаг. Монгол Улсын Засгийн газрын тавьсан хүсэлтийн дагуу энэ системээ Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллана” гэв.