Есдүгээр сарын сүүлээр уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна
Сүүлийн хоёр өдөр ихэнхи нутгаар хүйтэрч, нойтон цас орлоо. Нийт нутгийг хамарсан хур тунадас өчигдрөөс зогссон ч энэ сарын 10-наас дахин бороошихыг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас анхааруулаад байна. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орох юм байна.
Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9, бусад нутгаар 8-13 градус дулаан байдаг.
Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч, баруун ба говийн ихэнх нутгаар 4-9, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43, бусад нутгаар 10-20 мм ордог. Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг.
Бaруун аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Баян-Өлгийн өмнөд, Ховдын ихэнх, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 17-22 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Төвийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу Өвөрхангайн ихэнх нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйнa.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүснэ.
Сарын дунд үе болон гуравдугаар арав хоногийн эхээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ өдөртөө 11-16 градус дулаан байна.
Мөн гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өвөрхангайн ихэнх нутаг, Төвийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Зүүн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус дулаан буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө ихэнх нутгаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сүүлчээр нь зарим газраар хур тунадас, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Говийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19, бусад нутгаар 8-13 градус дулаан буюу Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй.
Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард Өмнөговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн бусад хэсэг болон Дорноговийн өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна.