Ховдод боом өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
Ховд аймгийн төв Ховд хот буюу Жаргалант суманд хүн, малын гоц халдварт боом өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм есдүгээр сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх ажээ. Боом өвчин гарсантай холбоотойгоор Ховд хотын төвийн сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 10-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хичээллэж эхлэх юм байна.
Боом нь өвчтэй мал амьтдаас (тэжээвэр) хүнд халдварлаж, хэсэг газрын шүүдэст, цусархаг, үжилт үрэвсэл үүсгэн, байршмал болон үжил хэлбэрээр явагддаг хурц халдварт өвчин юм. Боом өвчний савханцар гадаад орчинд ялангуяа газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагддаг. Буцалгахад хоёр цагийн дараа хуяг нь устдаг, ариутгах цэвэрлэх уусмалаас 1% сулема, 2%-ын формалины уусмалд 1-2 цагийн дотор хуяг нь устдаг байна.