Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд нар өрсөлдөнө
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал энэ сарын 21-ний өдөр товлогдоод буй. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Бага хурлын тов яригдсан ч хотын фракцид зориулан гаргасан гэх 69 квотын асуудлаас үүдэн хойшлогдоод байсан юм. Уг асуудал МАН-ын Хяналтын хороо, генсекийн түвшинд хүртэл яригдсан хэдий ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын Бага хурлаар Нийслэлийн МАН-ын даргыг сонгох учир талууд ихээхэн ач холбогдол өгч буй юм. Одоогоор Нийслэлийн МАН-ын хороог өнөөгийн хотын дарга С.Батболд үүрэг гүйцэтгэгч байдлаар ахалж буй. МАН-ын дүрэмд “үүрэг гүйцэтгэгч” гэсэн статусаар удирдах заалт байхгүй. Тиймээс албан ёсны даргатай болох асуудал нь хүлээлт үүсгээд байгаа юм.
Өчигдөр Нийслэлийн засаг дарга С.Батболд “Нийслэл ба Сэтгүүлч” уулзалт зохион байгуулах үеэрээ “Би Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө” гэдгээ илэрхийлжээ. Улмаар хотыг өргүй болгосноо зарлаж, сүүлийн өдрүүдэд пиараа идэвхжүүлээд байгаа юм.
Нийслэлийн МАН-ын даргын төлөө С.Батболдтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөхөөр нам дотор нь яригдаж буй. Тэрээр уг асуудлаар хэвлэлд байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны Бага хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцох аж.