"Samsung" компани анх 2014 онд эвхэгддэг ухаалаг утас хөгжүүлж байгаагаа зарласан. Тэгвэл энэ төсөл одоо бодит зүйл болох бололтой. Солонгосын "ETNews" сайтын мэдээлж буйгаар бол "Samsung" уг гар утсыг 2019 онд олон нийтэд танилцуулах юм байна.
Та эвхэгддэг ухаалаг утас гэж юу вэ гэж гайхаж магадгүй юм. Энэ бол дэлгэц нь нумарч эвхэгддэг, буцаагаад дэлгэхэд таблет болж сунадаг ухаалаг утас юм. Өөрөөр хэлбэл дэлгэж сунгаад л таблет болчихдог утастай байвал хоёр зүйл авч явахгүй амар болно гэсэн үг.
Өнгөрсөн нэгдүгээр сард "Samsung"-ийн дэлгэц хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Ли Чанг (Lee Chang) "Эвхэгддэг OLED дэлгэцийн боловсруулалт төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид энэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр түншүүдтэйгээ ярилцаж байна" гэж хэлж байсан юм. Эндээс үзэхэд Ли Чанг эвхэгддэг дэлгэц гэж онцолж дурдсанаас биш эвхэгддэг ухаалаг утасны талаар ямар нэгэн зүйл цухуйлгасангүй. Тэгэхээр тэд эвхэгддэг гар утас хийгээгүй, зөвхөн дэлгэц л бүтээхээр ажиллаж байж болох магадлалтай.
Гэсэн хэдий ч "ETNews" сайт "Samsung"-ийн эвхэгддэг төхөөрөмжийн талаар мэдэх эх сурвалжтай уулзсан гэдгээ баталж байна. Тэдний мэдээлж буйгаар бол тус эвхэгддэг төхөөрөмжинд одоогоор нэр өгөөгүй байгаа аж. Мөн энэхүү төхөөрөмж нь ухаалаг утасны хувилбарт 5 инч буюу 12 cм-ийн дэлгэцтэй байх бөгөөд таблет болгон дэлгэхэд 7 инч болж сунах юм.
Одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй цорын ганц нумарсан дэлгэц бол OLED юм. "Samsung" компани энэхүү OLED дэлгэцийг өөрсдийн HDTV зурагтны дэлгэц, "Samsung Galaxy S Edge" цувралын ухаалаг утаснууд дээрээ ашиглаж байна.