“Фэйсбүүк” компани Монголд төлөөлөгчийн газраа нээх үү?
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар монголчуудын 81 хувь олон нийтийн сүлжээ ашигладаг бөгөөд өдөрт дунджаар хоёр цагийг энэ хэрэглээнд зарцуулдаг байна. Түүнчлэн бүс нутагтаа манай улс интернtт ашиглалтаараа дээгүүр эрэмбэлэгддэг.
“Фэйсбүүк” компаниас гаргасан “Хамрагдах интернэтийн индекс-2018” судалгааны “affordability” буюу хэрэглээний үзүүлэлтээрээ Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, “Фэйсбүүк” компанийн анхаарал хандуулах ёстой томоохон цэгт зайлшгүй орж буйг дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Тийм ч учраас эдгээр өдрүүдэд тус компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сошиал медиа, ялангуяа фэйсбүүк хэрэглэгчдийн тоо нэн эрчимтэй нэмэгдэж, тэр хэрээрээ олон сөрөг үр дагавар ажиглагдаж, гэмт хэргийн шинж чанартай гомдлууд цагдаагийн газар ихээр бүртгэгдэх болсон. Тиймээс “Фэйсбүүк”-ийн төлөөлөгчид манай улсад гурав хоног ажиллахдаа хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх, төрийн болон төрийн бус байгууллагатай уулзалт хийх юм.
Мөн “Фэйсбүүк” компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ тухайгаа тус компаний төлөөлөгчид энэ удаагийн айлчлалынхаа үеэр аман байдлаар уламжилсан байна. Гэхдээ ажилчдынх нь цалинг Засгийн газар хариуцсан тохиолдолд төлөөлөгчийн газраа нээж магадгүй аж. Манай улсад тус компанийн төлөөлөгчийн газар нээгдсэнээр фэйсбүүк нийгмийн сүлжээнээс үүдэн гарч буй гэмт хэрэг, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлд цензурь тогтоож, иргэдээс ирүүлсэн санал гомдлыг хариуцан ажиллах аж.
Энэ талаар бид Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад “Өнөөдрийн уулзалтаар /2018.09.05/ Монгол Улсад “Фэйсбүүк” компани төлөөлөгчийн газраа нээх талаар ярилцаагүй байна. Энэ айлчлал баасан гариг хүртэл үргэлжилнэ. Тиймээс энэ хугацаанд ямар хэлэлцээр хийхийг мэдэхгүй байна. Хэрэв манай улсад төлөөлөгчийн газар нээхээр болвол бид олон нийтэд мэдээлэх болно” гэсэн юм.
“Фэйсбүүк” компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чент “Фэйбсүүк компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулах төлөвлөгөө бий юу” гэж асуухад “Улс болгон компанийн төлөөлөгчийн газартай байна гэдэг бэрх. Би өөрөө Ази, Номхон далайн бүсийн гишүүн, Монгол Улс манай бүс нутагт харьяалагддаг. Монгол, Тайвань болон Хонконгийн үйл ажиллагааг хариуцсан төлөөлөгчийн газар Хонконгод байдаг. Улаанбаатараас Хонконг хүртэл шууд нислэгтэй байдагт би маш их баярлаж байна” гэсэн хариулт өгсөн юм.
Гэхдээ Монгол Улс фэйсбүүк хэрэглээгээрээ Ази тивдээ тэргүүлдэг, нийт хоёр сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй учраас төлөөлөгчийн газар нээгдэх магадлал тун өдөр. Харин хэзээ вэ гэдэг нь сонирхол татна.