Өнөөдөр Говь-сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн ЦУОШГ-аас мэдээлсэн. Мөн 2018 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулаад байна. Мөн ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн цаг уурын урьдчилсан мэдээ гарсан.
Үүнээс гадна өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь
-Хөвсгөлийн Хатгалд 31,0мм,
-Чандмань-Өндөрт 20,0мм,
-Булганы Орхонд 30,0мм,
-Сайханд 28,0мм,
-Гурванбулагт 19,0мм,
-Төв аймгийн Угтаалд 27,0мм,
-Алтанбулагт 20,0мм бороо орсон байна.
Цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээгээр маргааш Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр секунд хүрч шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Мөн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -1-ээс 3 градус хүрч сэрүүсэх төлөвтэй байгаа аж.
Улаанбаатар хот орчмоор: өчигдөр өдөртөө 5.0 мм, өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи секундэд 17-19 метр, зарим үед түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэв. Температур өдөртөө +21...+23 градус, шөнөдөө +8...+10 градус байв. Өнөөдөр үүлэрхэг. Бороо үргэлжлэн орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч 9-11 градус дулаан байх төлөвтэй байна.
-ӨНӨӨДӨР АРХАНГАЙ АЙМГИЙН НУТГААР ЦАС ОРЖЭЭ-
Мөн өчигдрөөс эхлэн баруун аймгуудын зарим сумдаар цас орж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 04-нд Баян-Өлгий аймгийн Өлгий, Алтай, Дэлүүн, Булган, Баяннуур, Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумдын нутгаар өчигдөр болон өнөө шөнө 0,4-7 мм хур тунадас бууж, уулархаг нутгаараа цас орсон байна. Энэ сарын 27-ноос 31-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллээр хугацааны эхээр зарим газраар бага зэргийн бороо орох төлөв ажиглагдсан тухай ЦУОШГ-аас мэдээлсэн.
Мөн Завханы Цэцэн-Уул суманд үүрээр цас орсон талаар нутгийн иргэд мэдээлжээ. Монгол Улсын баруун хязгаар Увс аймгийн Түргэн, Өмнөговь сумдад болон Архангай аймгийн Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар цас орсон байна.
-АЛТАЙ, ХАНГАЙ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОЛОН ТЭС ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР -2 ГРАДУС ХҮРЧ СЭРҮҮСНЭ-
Бид ЦУОШГ-аас ямар ямар сумдын нутгаар цас орсон, цаашид ямар газруудаар хур тунадас орох төлөвтэй байгаа талаар тодрууллаа. Тус мэдээлэлд “Өчигдөр Баян-Өлгий аймгийн нутгуудаар, өнгөрсөн шөнө Увсын зүүн хэсэг болон Завханы нутгаар, өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг, Тариат сумдын нутгаар цас орсон. Түүнчлэн өнөө шөнө Төв аймгийн зарим газраар болон Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Мөн есдүгээр сарын 09-нд баруун аймгуудын нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. Есдүгээр сарын 07-ний өдрөөс баруун аймгуудын нутгаар, 08-ний өдрөөс говийн аймгуудын нутгаар бага зэрэг дулаарна. Алтай, Хэнтий, Хангай, тэс голын хөндийгөөр шөнөдөө -2 градус хүрч сэрүүснэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25 градус хүрч халах төлөвтэй байна. Есдүгээр сарын 10-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ” гэсэн мэдээллийг өглөө.