Монгол тамирчин Солонгосын цагдаад талархан, Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэжээ
БНСУ-ын Чанвон хотноо Буудлагын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буй билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 91 орны 4.255 баг тамирчин оролцож буй юм. ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчин А цагдаагийн ажилтанд талархан, Чингис хааны зурагтай хоёр ширхэг түлхүүрийн оосор бэлэглэсэн талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Чанвон дахь цагдаагийн хэлтсээс мэдээлснээр, Монгол Улсын тамирчин, 36 настай А нь есдүгээр сарын 4-ний өдрийн 19:40 цагийн орчим Чанвон хотын Сеонсаны их дэлгүүрийн өмнөөс таксинд суугаад, гар утсаа мартаад буужээ. Утсанд нь тоглолтын график зэрэг маш чухал мэдээллүүд байсан тул тэрбээр яаралтай ойролцоох цагдаагийн хэлтэст хандсан байна.
Тухайн үед цагдаагийн хэлтэс дээр монгол хэл мэддэг нэг ч хүн байгаагүй тул цагдаа нар орчуулгын аппликэйшн ашиглан хэл нэвтрэлцэхийг оролдсон нь амжилттай болж, А-гийн таксинд суусан зогсоолыг олж тогтоожээ. Таксины жолооч нь зорчигч А-гийн гар утсыг олсон даруйдаа их дэлгүүрт үлдээгээд явсан байсан аж. Гар утсаа эргүүлэн авсан А цагдаа нарт талархаж буйгаа ил захидал дээр бичиж илэрхийлээд, нүүрэн талдаа Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн байна. Тус гар утсанд А-гийн тоглолтын сүүлийн хэсгийн хуваарь байжээ.
Цагдаагийн ажилтан "Монголын тоглогчийн гар утсаа үлдээсэн таксиг олоход амаргүй байсан. Азаар орчуулагч апп утсандаа татаж, гадаад тоглогчийн утсыг олж өгсөндөө баяртай байна" хэмээн хэлсэн байна.