Монгол залуус дэлхийн компаниудад ажиллаж, монгол хүний оюуны чадамжийг гайхуулж байгаа нь бахархууштай. Түүний нэг жишээ нь дэлхийн хамгийн том компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Google” компанийн ахлах инженерээр ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан Б.Баттулга юм.
Б.Баттулга XI дүгээр сургуулийг онц дүнтэй төгсчээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа л математикийн хичээлд сонирхолтой, олон улсын олимпиадад амжилттай оролцож байсан нь IT инженер болох суурийг нь тавьсан байна. 2008 онд “Google” компани ид хүчээ авч, шилдэг, шинэхэн төгсөгчдийн эгнээндээ авсны нэг нь монгол залуу байв. Б.Баттулга дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийн КТМС-д элсэн оржээ. Улмаар Солонгост дахин суралцаж, магистраа хамгаалсан аж. Сургуулиа төгсөөд дэлхийн компанид шалгалт өгсөн нь ийнхүү түүнд амжилтын хаалгыг нээж өгчээ. Б.Баттулга “Google” компанийн Солонгос дахь салбарт зургаан жил ажиллаад одоо АНУ, Калифорниа мужийн төв салбарт ахлах софтвэйр хийж байна. “Google” бол инженерт суурилсан бүтэцтэй компани. Компанийн бүхий л шийдвэрийг инженерүүдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргадаг аж. Инженерүүд удирдах ажил хийх шаардлагагүй. Харин менежер хүн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргадаггүй нь “Google” компанийн “алтан” дүрэм. Энэ нь IT инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж, шинэ санаа, шинэлэг программ зохиох зав болдог байна.
ИНЖЕНЕРҮҮД УТСАА УНТРААЖ БОЛОХГҮЙ
Блиц
-1999 онд XI сургуулийг төгссөн
-2001 онд ШУТИС-ийн салбар KTMC
-2002-2006 онд “Inha university, Korea”
-2006-2008 онд “Korea Advanced Institute of Science and Technology, Korea”
-2008 оноос “Google” компанид ажиллаж байна
Б.Баттулга Солонгосын оффист ажиллаж байхдаа хайлтын системийн үр дүнг эрэмбэлэх алгоритм, “trends detection”, “showtimes” зэрэг төслүүд дээр ажиллаж байжээ. Харин төв оффист ирээд “user action prediction engine” буюу хэрэглэгчдийн дараагийн үйлдлийг таамаглах систем дээр төвлөрч ажилласан юм байна. “Youtube”, “Search”, “Google” “Now” зэрэг дэлхийн 30 гаруй компани энэ системийг ашигладаг аж. Системийн ажиллагаанд хэзээ ч алдаа гарч мэднэ. Тиймээс IT инженерүүд цагийн нарийн зохион байгуулалттай ажилладаг аж. “Google” компанийн хувьд системийн алдаа гарсан тохиолдолд 15 минутын дотор шийдэхгүй бол асуудал нь аваарын төвшинд шилжих аюултай байдаг гэнэ. 15 минутаас хэтэрвэл асар богино хугацаанд олон сая ам.долларын алдагдал учирна. Тиймээс инженерүүддээ хэзээ ч утсаа унтрааж болохгүй гэсэн шаардлага тавьдаг юм байна. Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй авьяаслаг инженерт байнга ажлын санал ирдэг гэнэ. Тэрээр Монголын хэд, хэдэн компанид зөвлөхөөр ажиллаж байна. Б.Баттулга ажлын төлөвлөгөөгөө улирлаар гаргадаг гэнэ. Гэхдээ хамгийн чухал гэсэн зүйлүүдээ жагсааж бичдэг уламжлалтай. Ингэхдээ “online document” үүсгээд түүн дээрээ лог маягаар нэмдэг гэсэн. Нэмэхдээ санаанд орох түлхүүр үг болон бага зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, линкүүдийг бичиж үлдээдэг юм байна. Энэ “document”-ээ урт хугацааны санах ой маягаар хэрэглэдэг гэсэн үг. Ингэснээр юуг ч мартахгүй, нэг хийсэн зүйлээ дахиж ухах шаардлагагүй болдог гэж байв.
“Google” АЛИВААГ СУРАХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАДАГ
Б.Баттулга 10 жилдээ зөвхөн математик, мэдээлэл зүйн хичээлийг голлож судалдаг байжээ. Солонгост сурч байх даа ч голдуу математикийн хичээлүүд сонгож, давхар математикийн мэргэжилтэй төгссөн юм байна. Түүнд чөлөөт цаг тун хомс гардаг. Тэр хэсэгхэн хугацааг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх, эх орон руугаа ирэх зэрэг үр бүтээлтэй зүйлд ашиглахыг эрмэлздэг гэж байв. Тэрээр залууст хандаж хэлэхдээ “Том компаниудад дөнгөж их сургуулиа төгсөөд орох нь ажиллаж байгаад орохоос илүү хялбар байдаг. Учир нь удирдлагууд мэргэжилтнүүдийнхээ юу хийж бүтээснийг харахаас илүү юм хурдан сурах, хүлээж авах чадварыг нь шалгадаг болсон үе. Хэрэв монгол сургууль төгссөн бол цахимаар олон улсын тэмцээнүүдэд оролц. Мөн дэлхийн том компаниудад ажиллаж буй монголчуудаас тодорхойлох захидал аваарай” хэмээн зөвлөсөн юм.