БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга нээлтээ хийлээ.
Африк тивийн 50 гаруй орны төрийн тэргүүн нар Бээжин хотноо чуулж, тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй уулзсан байна. Си дарга чуулга уулзалтыг нээн үг хэлэх үеэрээ “БНХАУ, Африк тивд нэмж 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мөн буурай хөгжилтэй орнуудын өрийг тэглэж, хөгжил цэцэглэлтэд нь тус болно” гэж мэдэгджээ.
Уг 60 тэрбум ам.доллар Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын хөрөнгө оруулалт зэргээр Африк тивд очих гэнэ. Бээжин өнгөрсөн оны долоодугаар сард зүүн Африкийн Жибути улсад анхны гадаад дахь цэргийн баазаа байгуулсан юм.
“Энэхүү цэргийн баазын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад улс оронд салбарлах алхмуудыг ирэх оноос хийнэ” хэмээн Си дарга хүндэт зочдоо хандан мэдэгдэв.
Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулганд Африкийн Свазиланд улс оролцоогүй гэнэ. Тус улс өнгөрсөн сард БНХАУ-ын эрх баригчдад хандан “Нэг Хятад” бодлогыг баримтлахгүй гэдгээ уламжлан, Тайваниас холбоогоо таслахгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Тус улс Тайваньтай дипломат харилцаа тогтоосон Африкийн ганц улс билээ.
Бээжин 2000-2006 онд Африк тивд 125 тэрбум ам.долларыг олгосон ба 2016 онд 60 тэрбум ам.долларыг олгожээ.