Боловсролын салбарынхны ажил хаялтын хүрээ маргаашаас тэлэх төлөвтэй байгаа
Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувь, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдрөөс ажил хаялт зарлаад байгаа. Ажил хаялтын талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ноос жил бүр төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр байгуулж ирсэн. Энэхүү хэлэлцээрийн гол асуудал нь цалин нэмэгдүүлэх байдаг ч сүүлийн дөрвөн жилд Засгийн газар цалинг огт нэмэгдүүлээгүй. Хэлэлцээрээр хүлээсэн үндсэн үүргээ огт биелүүлээгүй гэсэн үг.
Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2018 оны тавдугаар сараас хөдөлмөрийн маргаан үүсгэж, ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулж эхэлсэн. Энэ суулт Засгийн газарт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгосон. Харамсалтай нь, Засгийн газар энэ хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх аргыг л хайж ирсэн" хэмээн хэллээ.