Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газраас шинжлэх ухааны 2018 оны шилдэг бүтээлийн шалгаруулалт зарлалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг “Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалжлалтай.
Шилдэг бүтээлийн сонгон шалгаруулалтад бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, ААН, эрдэмтдийн баг, эрдэмтэн судлаачид материалаа дээр дурдсан журамд заасны дагуу бүрдүүлэн Шинжлэх ухаан технологийн бодлогын газарт хүргүүлэх юм. Материалыг ирэх аравдугаар сарын 01-ны 17:00 цаг хүртэл тус яамны 503 тоот өрөөнд хүлээн авах аж.