Моника Беллуччийн экс нөхөр 21 настай модельтой хуримлалаа
Италийн нэрт жүжигчин Моника Беллуччийн хувийн амьдрал олон нийтийн анхаарлыг үргэлж татаж байдаг билээ. Түүний экс нөхөр Венсан Кассель энэ сарын 24-нд 21 настай модельтой хуримласан нь тэдний шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тарив.
Моника Беллуччи зөвхөн гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа дэлхийд алдаршсангүй. Тэрбээр одоогоос 19 жилийн өмнө Францын нэрт жүжигчин Венсан Касселтай хуримласнаар кино ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг болж чадсан юм. Тэд хамтдаа 14 жил амьдарч, хоёр охинтой болсон ч 2013 онд хоёулндоо тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтээ цуцлуулсан байдаг.
Тэр цагаас хойш таван жил өнгөрсөн ч фэнүүд нь тэднийг эргээд нийлэх болов уу хэмээн битүүхэн горьдлого тавин хүлээж байсан билээ. Тэд “Хайр салалтаас ч илүү. Хүмүүс салж л байдаг. Гэхдээ хэзээ нэгэн өдөр эргээд нийлэх ч юм билүү. Үүнийг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж байсан ч харамсалтай нь тэдний харилцаа үүрд цэглэгдсэн бололтой.
Венсан энэ сарын 24-нд Францын Бидард хотын захиргаанд 100 гаруйхан найзынхаа хүрээнд загвар өмсөгч, фото маникан 21 настай Тина Кунакитай хуримлалаа.
Тэд 2018 оны Каннын кино наадам дээр анх хөтлөлцөн гарч ирж, олны нүдэнд өртөж байв. Өдгөө 51 настай Венсан олон сарын турш уйгагүй гэрлэхийг санал болгож, хуримын өдрөө товлосон ч сүйт бүсгүй тодорхой хариу өгөхгүй байсаар хуримын өдрөө "За" хэмээн зөвшөөрчээ. Моника Беллуччийн хувьд Оросын тэрбумтнуудтай үе үе нэр холбогддог ч өнгөрсөн онд Францын жүжигчин Жиль Леллуштай болзож байгаа тухай мэдээлэл цацагдсан байдаг.