Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Азийн аварга болж, цэргийн албанаас чөлөөлөгджээ
Индонезийн нийслэл Жакарта хотноо амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр ХӨШГӨӨ хаах XVIII Азийн наадмын хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний ялагчид өчигдөр тодорлоо.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг Японы шигшээ багийг 2:1 онооны харьцаатай буулган авч, Азийн наадмын АВАРГА болсон талаар "www.metro.co.uk" сайт уламжлав.
Хөлбөмбөгчид АВАРГА болсноор заавал хаах ёстой цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ёнхап" агентлаг мэдээлэв.
Өмнөд Солонгосын бүх эрчүүд цэргийн алба заавал хаах ёстой. Гэхдээ олон улсын чанартай тэмцээн, уралдаанд АМЖИЛТТАЙ оролцвол хоёр жилийн хугацаанд хаах ёстой цэргийн албанаас чөлөөлөгддөг хуультай аж.
ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хүчирхэг Германы шигшээ багийг ялж, олон улсыг цочирдуулсан Солонгосын хөлбөмбөгчид ийнхүү Азийн наадмын аварга болж, эх орондоо баатрын ёсоор очихоор боллоо.
Багийн ахлагч 26 настай Сон Хюн Миний хувьд уг ялалт хамгийн чухал байжээ. Тэрбээр Азийн наадмын АВАРГА болоогүй байсан бол Английн Премьер Лигийн Тоттенхэм Хотспур багтай таван жилийн гэрээ байгуулж чадалгүй, нутагтаа очоод л хоёр жилийн хугацаатай цэргийн алба хааж байжээ.