ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Иосиф Кобзон 80 насандаа таалал төгссөн талаар “Вести.ру”, “Россия 1”, “Россия 24” телевизийн сувгууд твиттер хуудсаараа дамжуулан мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав. Түүний дараа ОХУ-ын Төрийн Думаас энэ тухай мэдээлсэн байна.
Кобзон 2005 онд хорт хавдар өвчтэй болох нь тогтоогдсон бөгөөд зургадугаар сарын 20-нд эмнэлэгт хэвтжээ. Ирэх сарын 2-ны өдөр түүнийг Москва дахь Востросковскийн оршуулгын газарт оршуулах ажээ.
Тэрбээр 1937 оны есдүгээр сарын 11-нд Украины Донецк мужийн Часов Яар хотод төрсөн бөгөөд багаасаа дуулж эхэлсэн байна. Найман настайдаа тэрээр Кремлийн ордонд, Коммунист намын Төв хорооны Нарийн бичгийн дарга Иосиф Сталины өмнө "Летят прелетные птицы" дууг дуулж байжээ.
Кобзон нь 50 гаруй цомог гаргаж, олон төрлийн фестиваль болон тэмцээний дээд шагнал хүртэж байсан аж. Урлагт хүчин зүтгэхийнхээ хажуугаар Кобзон улс төр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ. Тэрээр 1989 онд ЗХУ-ын ардын гишүүн, 1990 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон байна.
Мөн Кобзон энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Мовсар Бараев хэмээх террористтой хэлэлцээ хийхэд оролцож байсан удаатай аж. 2002 оны аравдугаар сарын 24, 25 онд Иосиф Кобзон Дубровк дахь Театрын төвийг барьцаалсан террористуудтай хэлэлцээ хийж байжээ.