Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх антеннуудыг буулгана
Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын хурлаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны оператор компанийн антеныг цэгцэлж, үе шаттайгаар буулгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар “Үүрэн холбооны операторуудын ассоциац”-аас уулзах хүсэлт тавьсны дагуу өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэдний төлөөлөлтэй уулзсан юм.
Үүрэн холбооны операторуудын ассоциациас Харилцаа холбооны зохицуулах хороонд 15 сургууль, 3 эмнэлгийн дээвэр дээр байгаа үүрэн холбооны антен нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шалгуулах хүсэлт өгсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюулгүйн төвшингөөс бага байгааг тогтоосон гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга З.Амгалан хэлж байлаа.
Үүрэн холбооны операторуудын ассоциацийн дарга Н.Тамир “Бид захын хорооллуудад өндөрлөг газар антенаа байршуулах хэрэгтэй болдог. Нийт 18 байршилд 35 бааз станц байгаа. Энэ бүгдийг зөөвөрлөхөд сүлжээний дахин төлөвлөлт хэрэгтэй болно. Тэгэхээр энэ 35-аас гадна маш олон бааз станцыг зөөвөрлөх асуудал тулгардаг. Цаашдаа зайлшгүй зөөвөрлөх шаардлага гарна. Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараад, зөөвөрлөх хугацааг цаашлуулж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр үүрэн холбооны операторуудын антен байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна хэмээн маш олон эцэг эх бидэнд хандаж байна. Үүнийг хотын даргын хувьд авч үзэх ёстой асуудал. Мөн нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл зайлшгүй авч хэлэлцэх асуудал. Хүүхдийн эрүүл мэндэд хоргүй гэдгийг хэн ч нотлоогүй байгаа. Хор хөнөөл нь хэдэн жилийн дараа гарч ирэхийг бид мэдэхгүй. Нийслэлийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга дээр үүрэн холбооны операторуудын антеныг байрлуулахгүй.
Шаардлагатай гэвэл хотын даргад хүсэлтээ гаргаад цамхагаа барь. Жи-мобайл компанийн захирал захын хорооллын зөвхөн сургууль дээр цахилгаан очдог бусад газар байхгүй гэж ярьж байна. Тийм биш. Бид цэвэр, бохир, дулааны асуудлыг бүрэн хүргэж чадахгүй байгаа ч цахилгааны асуудлыг бүрэн шийдэж байгаа” хэмээн хэллээ. Уулзалтын төгсгөлд хотын дарга сургууль, цэцэрлэгийн дээвэрт байгаа антенуудыг буулгах ёстой гээд талуудын төлөөллийг багтаасан ажлын хэсгийн байгуулан буулгах хугацааг тохирох боломжтой хэмээв.