Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсөийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч багш нар есдүгээр сарын 1-нд орон даяар ажил хаяна гэдгийг МҮЭХ-ноос мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2018.08.31/ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар багш нар МҮЭХ-той уулзаж зөвшилцсөн байна. Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн байна.
Уулзалтын үр дүнд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болов.
Сайд Ц.Цогзолмаа “Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12,3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх он жилүүдэд үе шаттайгаар нэмж явах нь илүү оновчтой” гэсэн байр суурь илэрхийлж, зөвшилцсөн байна.
Эх сурвалж: www.polit.mn