Их гүрний хаялга: Байгалийн хийн хоолойг нутгаараа дайруулах мөрөөдөл
Монголчуудын 30 жилийн мөрөөдөл биелэх цаг ойртлоо. ОХУ болон БНХАУ-н Ерөнхий сайд нар Монгол Улсаар байгалийн хийн хоолойгоо дайруулах боломжтой гэж мэдэгдлээ. Албан ёсоор хэзээ хэрэгжих нь тодорхойгүй ч их гүрнүүдийн нүүр наашаа чиглэж байгаа нь сайн хэрэг. Гурван улсын яриа хэлэлцээр, эдийн засгийн коридор гэдэг нь ч их гүрнүүдийн санааг эргүүлж Монголын тал нутгаар байгалийн хийн хоолой дайруулахад л чиглэгдэж байсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ-с дөрвөн удаа, БНХАУ-с хоёр удаа үгүй гэх хариу сонсож байсан түүхтэй.
Байгалийн хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах магадлал бараг 80 гаруй хувьтай байсан. Зүүн хойд Азийн эдийн засгийн нэгдэл, Евразийн эдийн засгийн холбооны хэд, хэдэн удаагийн уулзалтаар энэ асуудлыг эцсийн байдлаар шийдээд байлаа. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дээрх уулзалтын дараа БНХАУ болон ОХУ-н төрийн тэргүүнтэй ганцаарчлан уулзаж хийн хоолойн төслийг эхлүүлэхээр тохиролцож байсан юм. БНХАУ-н Экспорт импортын банк болон ОХУ-н төрийн мэдлийн хэд, хэдэн компанитай гурван ч удаа хэлэлцэж байсан нь саяхан.
Гэвч долдугаар сарын сүүлчээс эхлэн Хятад, Оросууд Монголын нутгаар дайруулсан нь зүйтэй гэж үзжээ. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. ОХУ байгалийн хийгээ дөт бөгөөд аюулгүй замаар БНХАУ-д нийлүүлэх сонирхолтой. Казахстаны баруун хэсгээр дайруулбал 1000 гаруй км-н тойруу зам. Ингэж тойрох нь БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн үнийг нэмэгдүүлэх тул Хятадад ашиггүй. ОХУ-н талд ч мөн адил хийн хоолойн бүтээн байгуулалтын үндсэн өртгийг нэмэгдүүлэх муу талтай. Тэгвэл яагаад анхнаасаа Монгол Улсаар дайруулах сонголт хийгээгүй юм бэ?
Энэ асуултын хариу маш амархан. Монголд дэд бүтэц хөгжөөгүй. Байгалийн өвөрмөц тогтоц, цавчим хад зэрэг нь саад болох тул Монголыг “Б” төлөвлөгөөнд багтааж байсан. ОХУ байгалийн хийн хоолойг Ковыктагийн ордоороо дайруулахаар төлөвлөж байсан. Ингэснээр Оросын буриад болон Монгол Улсын хэрэгцээг хангах боломжтой. ОХУ хэд, хэдэн удаа албан ёсны судалгаа хийж байж. Тус улсын “Россия Петролеум” компани манай улсын нутгаар дайруулан Хятадын хил хүртэл хийн хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-г 2000 онд боловсруулж байжээ. Улаанбаатар төмөр замыг ашиглан богино хугацаанд барихаар төлөвлөж бүр 2000 гаруй хүн ажиллана гэж тооцоолж байв. Гэсэн ч дэд бүтэц хөгжөөгүй гэх шалтгаанаар уг төслийг хойшлуулсан түүхтэй.
Төсөл хойшлогдож байхад Монгол Улс дотооддоо талцаж, сонгуулиас сонгуулийг өнгөрөөж байлаа. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед 2008 онд энэ төслийг эргэж харах саналыг ОХУ-с тавьж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас энэ саналд хариу өгөөгүй юм. 2010 он гэхэд БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын яриа хэлэлцээ ажил хэрэг болж эдийн засгийн коридор байгуулах санаачилгаа боловсруулснаас хойш байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хүслээ удаа дараа илэрхийлсэн түүхтэй. Энэ хугацаанд Хятад, Оросын талаас тодорхой байр суурь илэрхийлээгүй.
БНХАУ-н коммунист намын их хурал өнгөрсөн оны сүүлээр хуралдаж “Бүс ба зам” төслийг ажил хэрэг болгохоор эцэслэн баталж, байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах, гурван улсын яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгохоор тогтжээ.
Үүнээс хойш БНХАУ-н Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсыг БНХАУ-тай хамт өндөр хөгжлийн галт тэргэнд хамт суухыг урьж байлаа. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-н Гадаад харилцааны сайд Ван И айлчлан мөн л энэ асуудлыг хөндөн ярилцсан юм. Тус айлчлалын үеэр байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь томоохон үйл явдлын нэг байсан. ОХУ-н талаас Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-н санаачилгыг дэмжин Монголын нутгаар дайруулахыг зөвшөөрнө гэдгээ ч мэдэгдэв. Магадгүй дараа жил тохиох Халхын голын ялалтын 80 жилийн ойд барих том бэлэг нь байгалийн хийн хоолой байхыг ч үгүйсгэхгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас аль хэдий нь судалгаа эхлүүлж өмнө хийж байсан ч гурван удаагийн ТЭЗҮ-г эргэн харж байгаа гэх мэдээлэл өгсөн юм. Одоогоор хийн хоолойг хаана барих, ямар чиглэлтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй ч манай талын тавьсан саналаас үндэслэн БНХАУ эцсийн шийдвэрээ гаргана. БНХАУ-н зүгээс ч энэ талын судалгааг эхлүүлсэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Ямар ч байсан их гүрнүүд Монгол руу нүүрээ харуулж, 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх эхний алхмаа тавилаа. Харин бид үүнд ихэд нухацтай хандаж өмнөх гурван ТЭЗҮ шиг замхруулчихгүй байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол манайхаас гадна Казахстан гэх хөгжиж буй орон байгаа гэдгийг сануулах нь зүй.
Жич: ОХУ өнгөрсөн жилд дэлхий зах зээлд 200 тэрбум шоо метр байгалийн хий экспортолсон байна. Харин БНХАУ-н байгалийн хийн эрэлт хэрэгцээ 10 их наяд шоо фут байгаа аж.
Нийтлэлч: Б.Аззаяа