Гурван сараар иргэдээ "чангалдгийг" хэзээ ч зөвшөөрмөөргүй байна
Нийслэлийн иргэн байхын тулд маш их тэвчээр зааж, уужуу тайван хүлээцтэй байх хэрэгтэйг өөртөө дадал болгож чаддаггүй юм гэхэд үр хүүхдэдээ бид зааж сургамаар болсон цаг санж. Өвөлдөө агаарын бохирдолд дарлуулж, хажуугаар нь хальтиргаа гулгаатай замаар гэмтэж бэртчихгүй явахсан гэж үйлээ үзнэ. Хавар зуны цагт цэвэрлэх байгууламжийн өмхийгөөр амьсгалж, үүнтэй зэрэгцээд ид халуунаар хөлс хирэндээ баригдан хэрэглээний халуун усаа "хаалгуулж, боолгуулна". За тэгээд энэ зун бороошсоныг хэлэх үү, шавар шавхай, замын эвдрэл тоо тоймоо алдсан. Есдүгээр сар дөнгөж эхлээд л замын түгжрэл дээд цэгтээ хүрч, өнөө өглөө хэчнээн хүн ажил, сургуулиасаа хоцров доо. Хотын иргэн байх түмэн зовлонгоос ганцыг нь л онцлон дурдахыг хүссэн нь зун болгон хязгаарладаг хэрэглээний халуун ус юм. Одоо ч зарим айл халуун усгүй байгаа учраас тэр л дээ.
Монголчууд бид ер нь тун ч тэвчээртэй хүмүүс юм. Зун хэдэн хоног халуун ус тасардгийг бараг л хууль дүрэм аятай хүлээж аваад сурчихаж. Заасан хугацаанаас тав, арав хоног хэтрэхийг ч юман чинээ бодохгүй, "Угаасаа тэгдэг юм аа" хэмээн тун ч хүлээцтэй нь аргагүй бууж өгөхийг нь яана. Тэгвэл ийн хүлээцтэй зангаар хэрэглээний халуун усаа зургадугаар сарын 1-нээс "таслуулсан" Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэд тэнгэрээс хур горьдох лугаа адил цоргоор нь бүлээн ус урсахыг гурван сарын турш бараг зүүдэлтлээ хүлээв. Тэвчээр алдарсан иргэд халуун усаа хурдан ирэхийг хүлээж ядахдаа шүлэг хүртэл тэрлэжээ. Хүүхдийн баяраар алга болсон өнөөх "халуун ус" нь дарга нарын амласнаар бол зургадугаар сарын сүүлчээр ирэх ёстой байжээ. Гэтэл шалтгаан нь тодорхойгүйгээр долдугаар сарын 20 болж хойшилжээ. Тэр үед "Арай ч дээ... дандаа ингэж байдаг" хэмээн дор бүрнээ л ундууцаж байсан ч дахиад хоёр сар халуун усны бараа олж харахгүй байхын чинээ санаагүй байх л даа. Офицероос Улаанхуаран руу зүүн тийш эргэж хэдэн метр яваад зам дагуу газар ухаж, шороо овоолсон байдалтайгаар гурван сар болсон нь өнөөх халуун ус тасалсны гол "шалтгаан" юм. Гэтэл иргэдийг гурван сар үйлийг нь үзсэн шалтгаанаа холбогдох албаныхан бороо их орсонтой холбон тайлбарласан гэнэ лээ. Хэрэв шугам сүлжээ засварын ажлыг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 1-20-ны хооронд хийж амжсан бол тэр үед миний санаж байгаагаар бороо хур бараг ороогүй, хаа сайгүй гандуу байсан цаг шүү дээ.
Тэгвэл ийн хүлээцтэй зангаар хэрэглээний халуун усаа зургадугаар сарын 1-нээс "таслуулсан" Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэд тэнгэрээс хур горьдох лугаа адил цоргоор нь бүлээн ус урсахыг гурван сарын турш бараг зүүдэлтлээ хүлээв.
Тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр сүүлдээ иргэд бараг л бослого гаргах дөхөж, сургууль цэцэрлэгийн хичээл эхлэх цаг болж байна хэмээн бөөн хэл ам болж байж сая наймдугаар сарын 31-нээс халуун устай золгожээ. Гэхдээ 16 дугаар хорооны ганц нэг байрны оршин суугчид одоо ч халуун усаа хүлээсээр, зүүдэлсээр, аргаа бараад сууж байна.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ бүхнийг одоо нуршихын учир нь дараа дараагийн жилүүдэд ч ээлжит засвар, үйлчилгээний ажлыг хийдгээрээ хийж л таарна, харин цаашдаа аль ч газар иргэдийг бүхэл бүтэн гурван сараар, улирлаар нь ингэж халуун усыг нь хааж, үйлийг нь бүү үзээсэй. Нийслэлийн удирдлагууд ч гэсэн иргэдийнхээ эрх ашгийг бодож, гүйцэтгэгч байгууллагадаа ажлаа шуурхайлахыг шавддаг, хариуцлага тооцдог болмоор байна. Хамаг бурууг нь бороо хур их оруулсан тэнгэр хангайд тохчихоод хээв нэг налайгаад суудаг засвар үйлчилгээний байгууллага ажилтнууд олон болж, нийгэмд улам бүр буруу жишиг тогтох вий.
Замын түгжрэл, ачаалал, зуны өмхий үнэр, өвлийн агаарын бохирдол гэхчилэн толгой өвдөм олон асуудалтай Улаанбаатарын иргэд өөрийн орон гэртээ стресстэхгүй, тайван амгалан амьдрах нөхцөлийг нь ядаж бүү үгүй хийгээч ээ. Иргэд ч бас цаг тухайд нь засварын ажлаа цагтаа гүйцэтгэхийг шаарддаг, шавдуулдаг, шаардлагатай бол хянадаг тогтолцоотой болмоор. Халуун ус тасалдгийг зөвшөөрдөг юм гэхэд гурван сараар иргэдээ чангалдгийг нь хэзээ ч зөвшөөрмөөргүй байна. Бидэнд тийм эрх бий.