Эрчим хүчний яамны тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компанийн нэр ил боллоо
АТГ-аас сар бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр Эрчим хүчний тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй 7 компаний талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг дурьдсан.
Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь АТГ-ын шалгалтаар илрээд байгаа юм.
Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь шалгалтаар илэрсэн байгаа юм.
Тэгвэл АТГ-аас тендер авсан компаниудын нэрийг зарлалаа. Үүнд:
- “Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.094.1 сая төгрөг
- “Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
- “Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
- “Эрчим” ХХК- Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
- “Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
- “Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
- “Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөгийн тендер авсан байна.