"60 тэрбум"-ын хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон Э.Идэрцог дахин шалгах ажлын хэсгийг ахална
Өнгөрсөн зургадугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “60 тэрбумын бичлэгийн эх хувь олдоогүй учир хэргийг хаасан. МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан.
Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирснийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдээлж байсан билээ.
Өнгөрсөн даваа гаригт АТГ-аас мэдээлэл хийхдээ "60 тэрбум"-ын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар дахин сэргээгдэж, шалгагдахаар болсныг дуулгасан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар,тус хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогт дахин ахлахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 25 гишүүний гарын үсэгтэй, ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Улмаар бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хэргийг дахин шалгах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн юм. Түүний хүсэлтийн дагуу прокурорын байгууллагаас хэргийг сэргээж, хамтарсан Ажлын хэсгийг томилсон байдаг.
2016 оны сонгуулиар төрийн албыг “60 тэрбум” төгрөгөөр наймаалцаж авахыг оролдсон гэх асуудал тухайн үедээ олны анхаарлын төвд байв. Эл бичлэгийг олон нийтийн сүлжээнд тарааснаар өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар гол “буруутан” болсон ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байгаа билээ.
АТГ-аас “Асуудал тавьсан УИХ-ын гишүүдэд эрхийнхээ дагуу тайлбар мэдээллийг өгсөн. Прокурорын байгууллагаас ч энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар тайлбар гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт прокурор эрхийнхээ дагуу шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон хэргийг барьж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. Прокурор эрхийнхээ дагуу шийдсэн асуудал. Прокуророос зөвшөөрөөд, “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийвэл бид энэ талаар тодорхой ярьж тайлбарлахад бэлэн” хэмээн мэдээлсэн билээ.
Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газарт “60 тэрбумын” хэрэгтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгчөэ. Тэрээр “Энэ хэрэгтэй холбоотой өөрт байгаа бүх мэдээллээ өглөө. Өөрийнхөө хүсэлтийг ч хэллээ. Өмнө нь АТГ-т хаагдсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж дахин сэргэж байна. Тиймээс Ажлын хэсгийг ТЕГ-аас уу, АТГ-аас ахалж байгааг тодрууллаа.
Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог гэдэг хүн дахин ахалж байгаа юм билээ. Үүнд санал зөрж байгаагаа хэллээ. Яагаад гэвэл өмнө нь энэ хэргийг эвлүүлэг гээд хаачихсан. Тэр үед ажиллаж байсан хүмүүс нь ажиллаж болохгүй. Нэгэнт нэмэлт мэдээлэл байна гэж үзэж байгаа бол тагнуулын байгууллага нь шалгаж, эцэслэх нь зөв байх” гэв.