МХЕГ-аас "18 дугаар цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх боломжгүй" гэсэн ч нээлтээ хийхээр зэхэж байна
-Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг 1954 онд байгуулагдсан бөгөөд барилгын ашиглалтын хугацаа дуусч, Мэргэжлийн хяналтын газрын гурван удаагийн дүгнэлт гарч, 2013 оноос үйл ажиллагааг нь зогсоожээ.
Хуучин цэцэрлэгийн барилгыг нурааж шинэ цэцэрлэг барих ажил 2017 оноос эхэлсэн байна. Улмаар тус цэцэрлэгийн шав тавих ёслол 2017 аравдугаар сарын 23-нд болж, 2018 оны гуравдугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, барилгын ажил энэ оны наймдугаар сард дууссан байна.
Цэцэрлэгийн барилга дүүргийн хөрөнгө оруулалтаар буюу нэг тэрбум 700 сая төгрөгийн өртгөөр баригдаж, Улсын комисс наймдугаар сард ашиглалтад хүлээн авчээ. Цэцэрлэг ашиглалтад орсноор найман бүлэгтэй, 200 хүүхэд хамрагдах аж. Түүгээр ч зогсохгүй, зэргэлдээ хорооны хүүхдүүд ч хамрагдах бололцоотой болох байв.
Гэтэл наймдугаар сард МХЕГ-ын даргын баталсан удирдамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд боловсролын, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийгдсэн.
Тус шалгалтаар Чингэлтэй дүүргийн 200 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий шинээр баригдсан 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Шалгалтын үеэр суурийн давхарт хөрсний ус нэвчиж, зоорийн давхарт байрлах цахилгааны шит болон узелийн өрөөгөөр ус нэвчсэн байжээ. Тухайн үед хоёр цаг тутамд насосоор шавхалт хийгдэж, чийгтэй орчинд цахилгаанд цохиулах, аваар осол гарах эрсдэлтэй байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм.