БНХАУ автомат жолоодлоготой шумбагч онгоцны флот байгуулна
БНХАУ хүний оролцоогүй автомат жолоодлоготой шумбагч хөлгийн флотыг Ази тивийн далай тэнгисийн бүсэд ашиглахаар төлөвлөж байна. Хятадын ардын чөлөөлөх армийн зэвсэглэлд багтах шинэ флот нь “тагнуулын мэдээлэл цуглуулахаас тэсрэг төхөөрөмж суурилуулах, эсрэг талын байлдааны хөлгийг тэсэлж устгах хүртэлх өргөн цар хүрээтэй үүрэг” гүйцэтгэнэ хэмээн Хонконгийн South China Morning Post (SCMP) сонин мэдээлэв.
Бээжингийн төлөвлөгөөгөөр Хятадын байлдааны зориулалттай, анхны автомат шумбагч хөлгийг 2020 онд уснаа тавина. SCMP-ийн мэдээллээс үзвэл ийм шумбагч “цөмийн зэвсэггүй”. Хиймэл оюун ухаан бүхий жолоодлогын систем шумбагчийн маневр, шумбах гүн зэргийг тооцоолж, ойролцоох бусад хөлгийг ялган тодорхойлно. Жолоодлогын хүмүүн баг шаардлагагүй ийм шумбагч хөлгийн флот нь БНХАУ, Япон, Вьетнам зэрэг улс хооронд маргаантай байдаг тэнгисийн бүсэд эргүүл хийх юм.
АНУ-ын ижил төстэй арга хэмжээний хариуд Хятадууд төсөл хэрэгжүүлж буйн учрыг Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх шэньяны автоматжуулалтын хүрээлэнгийн захирал Лин Ян тайлбарлаж байна. Пентагоны харьяа DARPA агентлаг оны эхээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд шумбагч эсэргүүцэх туршилтын жолоочгүй хөлөг буюу ASWACTUW загвар нийлүүлжээ.
Туршилтын эцэст “тэнгисийн ангууч” далай тэнгист нэг удаад гурав хүртэлх сарын хугацаагаар хүний оролцоогүй үүрэг гүйцэтгэдэг болно. АНУ автомат жолоодлого бүхий шумбагч хөлөг бүтээж хөгжүүлэхээр хоёр ч том гэрээлэгчид захиалга өгчээ. Lockheed Martin-ы Orca, Boeing-ийн Echo Voyager хэмээх төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжинэ. “Бүх ажиллагаа автомат удирдлагатай өрнөх нөхцөлд та бид бүгд үзэгч болж хувирна.
Улс төрийн зорилгод ч үйлчлэхгүй. Зөрчил мөргөлдөөн гээч нь хүмүүний шийдвэрээр бий болдог нийгмийн бэрхшээл” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Мэттис тайлбарлаж байв. Хиймэл оюунтай зэвсгийг хориглохоор НҮБ-д хандсан захидалд гарын үсэг зурсан хүндтэй захирлуудын нэг Илон Маск ч мөн адил байр суурьтай.
“Үхлийн уршиг бүхий автомат зэвсэг нь дайн байлдаанд гурав дахь хувьсгал авчирна. Нэгэнт хөгжсөн зэвсгийг өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөнд ашиглахыг зөвшөөрчихвөл хүмүүс сэхээ авч амжихаас өмнө өрнөж дуусна. Ийм зэвсгийг дарангуйлагч нар, алан хядагчид гэм буруугүй хүмүүсийн өөдөөс ашиглаж мэднэ. Хугацаа бага үлдлээ. Пандорын хайрцаг нэг л онгойчихвол эргүүлж хаахад хэцүү” хэмээн уг захидлыг бичигч нар анхааруулж байна.