Индонезид болж буй Азийн наадмын нэгэн чимэг нь Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг байлаа. Өмнө нь учраа таарсан өрсөлдөгч бүртээ олон оноогоор хожигдож, “туршлага судлаад ирлээ” гэх үгээр ам тагладаг байдал үгүй болж, эрэгтэй, эмэгтэй, 3х3 гээд төрөл бүрт жигд өрсөлдөх болсон. Хамгийн сүүлд талбайн эзэн Индонезийн эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтыг спорт сонирхогч хэн бүхэн үндэсний телевизээр үзэж сонирхсон байх.
Гаднын багуудыг биш, үндэсний шигшээгээ үзэж, дэмжиж, баярлаж, гуниглаж суух юутай сайхан. Эрэгтэй сагсчид маань Индонезийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожсон ч харамсалтай нь хэсгээс шалгарч чадсангүй. Хэсгээс шалгарах, эсэх ч яахав. Харин бид үүнээс илүү хүчирхэг баг бүрдүүлж болох байсан гэж бодохоор харамсах сэтгэл төрөх юм. Бид одоогийнхоос илүү сайн багтай Индонезийг зорих боломж байсан уу гэвэл тийм. Энэ хэрээр амжилт дээшилж, хэсгээс зовлон багатай шалгарах байсан нь бас л ойлгомжтой.
Гэвч Монголчуудыг олон жил доош чангааж байгаа дуусашгүй их хэрүүл тэмцэл энэ удаад бас л гай тарив. Токиогийн олимпийн хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн сагсчид сүүлийн үед амжилт арвин байгаа. Монголын шигшээ тивдээ түрүүлж, ДАШТ-ий шилдэг наймд шалгараад зогсохгүй олимпийн эрхээ авах магадлал өндөр болж ирсэн. Багийн лидер Э.Дөлгөөнийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) үнэлж, энэ төрлийн шилдэг тамирчдын нэгээр тогтмол нэрлэж буй.
Мөн Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар олон тэмцээнд оролцохын хэрээр туршлага, ур чадвар сууж, хэний ч өмнөөс тоглох хэмжээнд бэлтгэгдсэн залуус. Цэргүүдийг мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг шиг өндөр түвшинд бэлтгэгдсэн залуусаа чухам энэ наадамд ашиглах ёстой байлаа. Гэвч 3х3 төрөлд 23-аас доош насныхан оролцох юм байна гээд тэмцээний гадна үлдэв. Үүнийг нь мэдэж байсан бол тэднийг үндсэн бүрэлдэхүүндээ авч, хүчээ яагаад зузаатгаагүй юм бэ гэж асууя. Үнэнийг хэлэхэд үүнд тамирчдын буруу байхгүй. Харин шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоёр тийш хараад суучихсан холбоод гол буруутан нь.
Хоёр холбоо учраа олж, хүчээ нийлүүлбэл сагсан бөмбөгт том дэвшил гарах нь тодорхой
Уг нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад бидэнд сайн тамирчин хэд хэдээрээ байна. Б.Билгүүн шиг, Т.Санчир шиг, Э.Дөлгөөн шиг чадварлаг сагсчид байгаа нь бидний аз. Харин тэднийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй юм бол сайн тамирчидтай байхын хэрэг юун. Харамсалтай нь хоёр холбоо хэдэн тамирчнаа танай, манай хэмээн өмчилсний балаг ийнхүү гарч байна. “Сүүлийн үед сагсан бөмбөгт улс төр, аль нэг намын нөлөө хэт орох болсон.
Засаг барьж байгаа намаас шалтгаалаад өөр болдог. Үүнээс болоод жирийн тамирчин бид хохирох гээд байна” хэмээн Б.Билгүүн Инчоны Азийн наадамд оролцсоныхоо дараа ярьж байв. Тэгвэл үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч талууд эвээ олсон зүйлгүй, талцаж маргалдсан хэвээр байгаа нь гутамшиг гэлтэй. Хоорондоо зэвсэг барин дайтаж, үүний улмаас олон жилийн турш нэгнийгээ заналхийлж ирсэн хоёр Солонгос энэ удаагийн Азийн наадамд зарим төрөлд хамтарсан багаа оролцууллаа. Улмаар Каноэ завины төрөлд эмэгтэйчүүдийн хамтарсан баг нь түрүүлж, олон солонгосчуудын сэтгэлийн утсыг хөндсөн.
Мөн сагсны эмэгтэй баг нь хагас шигшээд шалгараад байна. Цаашид түрүүлэхэд ч гайхахааргүй сайн тоглож байна лээ. Хэзээ ч эвлэрэхгүй гэгдэж байсан улсууд спортоор дамжуулан нэгдэж нийлэх алхмаа ийнхүү хийгээд эхэлж байхад чөлөөт ардчилсан нийгэмдамьдарч байна хэмээн цээжээ дэлддэг монголчууд талцаж маргалдахаас өөр юу гийгүүлэв. Спорт дахь талцал бидэнд хэзээ ч сайн зүйл авчраагүй. Чөлөөтийнхнийг хар л даа.
Риогийн олимпийн өмнө хэрэлдэж хэрэлдэж байгаад л явсан. Эрэгтэй баг нь холбоо биднийг дэмжсэнгүй гэж гомдоллох. Харин холбоо нь аль алинд нь адилхан ханддаг хэмээн биеэ өмөөрсөөр байгаад олимп хүргэсэн. Үр дүнд нь олимпийн наадмаас ганзага хоосон ирсэн. Үндэсний бөхийнхөн бас 20 шахам жил хэрэлдэж муудалцлаа. хэдэн удаа хоорондоо цаас шидэлцэж, хэчнээн ч удаа шүүхдэлцсэн юм бүү мэд. Үүний балгаар аль аль тал нь хохироод өнгөрсөн. Мөн бөхчүүдээ өмчилж авах гэж зүтгэдэг байдал ч ажиглагдах болов. яг л одоогийн Монголын сагс шиг.
• 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш Монголын сагсны шигшээ олон улсын нэг ч тэмцээнд оролцоогүй.
• Хоёр холбоо хэдэн тамирчнаа танай, манай хэмээн өмчилсний балаг ийнхүү гарч байна.
• Хэзээ ч эвлэрэхгүй гэгдэж байсан улсууд спортоор дамжуулан нэгдэж нийлэх алхмаа хийгээд эхэллээ.
• Нуруулаг, чадварлаг, авьяаслаг тамирчид өч төчнөөнөөрөө гарч ирж байна. Ховорхон олдох энэ алтан үеийг алдалгүй ашиглахсан.
2014 оны Инчоны Азийн наадмаас хойш Монголын сагсны шигшээ олон улсын нэг ч тэмцээнд оролцсонгүй. Хөрөнгө мөнгө, замын зардал дутсандаа биш л дээ. Харин дотооддоо хоёр холбоо үзэлцээд байгаа болохоор олон улсын сагсан бөмбөгийн холбоо монголын тэмцээнд оролцох эрхийг хасч орхисон. Эхлээд дотоод асуудлаа зохицуул, тэгж байж олон улсын тавцанд өрсөлд гэсэн сануулга гэж болно. Үүний балгаар олон улсад рейтингээ ч тогтоолгож чадсангүй. Сая манайханд хожигдсон хэрнээ хэсгээс шалгарсан Индонезийн баг FIBA-гийн чансааны 103-т жагсдаг юм билээ. Ийм багийг талбайд нь хожсоныг бодвол бид ямар ч байсан эхний 100-д найдвартай орох нь тодорхой.
Гэвч холбоодын урагшгүй байдлаас болоод сураггүй өрсөлдөгч Непал, Камбож, ливийн дор орох хэмжээнд үнэлэгдэх гэж дээ. хамгийн харамсалтай нь Б.Билгүүн, Т.Санчир гэсэн төрмөл авьяастай сагсчид карьерийнхаа ид үеийг зөвхөн монголдоо тоглосоор өнгөрөөх нь. Тэднийг залгаж гарч ирэх авьяаслаг залуусыг ч ийм ирээдүй хүлээж байгаа гэж бодохоор харамсалтай. Уг нь манай сагсчид эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Ард нь олон мянган хүний дэмжлэг байгааг мэдэрдэг учраас тэр.
Ядаж л дэлхийн аварга, Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөөд, ялж, ялагдаад явж байвал сагсчин хүний жаргал тэр. Азийн аваргад түүхэндээ орж үзээгүй бараан цувралаа таслах боломж ч өнөөгийн шигшээд бүрэн дүүрэн бий. Ийм боломжоор хангах үүрэгтэй газар нь мэргэжлийн холбоод. Хоорондоо эвлэрч өгдөггүй Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх энэ хоёр байгууллагыг аваад үзвэл аль аль нь хөл дээрээ бат зогссон. Материаллаг бааз хангалттай байна. Бүр сагсан бөмбөгийн ордон хүртэл байгуулсан холбоо ч байна. Мөн мэргэжлийн шүүгч, багш дасгалжуулагчаар дутахын зовлонгүй.
Хамгийн гол нь нуруулаг, чадварлаг, авьяаслаг тамирчид өч төчнөөнөөрөө гарч ирж байна. Ховорхон олдох энэ алтан үеийг алдалгүй ашиглахсан. Хэрэв хоёр холбоо учраа олж, хүчээ нийлүүлбэл монголын сагсан бөмбөгт ямар дэвшил гарахыг төсөөлөөд үз дээ. Лигийн тэмцээн нь жинхэнэ утгаараа өрсөлдөөний талбар болно. Сагсны хорхойтнууд чухам үүнийг л хүсэж байгаа. Мөн тамирчид хоёр холбооны алиных нь тэмцээнд орохоо шийдэх гэж дүлгэнэсэн байдалд орохгүй. Дотоодын эв нэгдэл, өрсөлдөөн сайжрах нь эргээд гадаад дахь амжилтын эхлэл болох учиртай. Дараагийн Азийн наадам эхлэхэд бид дотроо учраа олчихсон, хамгийн шилдэг сагсчдаа илгээчихээд медалийн төлөө өрсөлдөнө гээд ам бардам сууж байх юмсан.