Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-үүлийн үүсгэн байгуулсан “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийн, Хэнтий аймгийн гурван сум буюу УИХ-ын 42 дугаар тойрогт болох гэж байсан нөхөн сонгуулийг хойшлуулсныг эсэргүүцлээ.
Эрх баригчид өөрсдийн баталсан хуулийн цоорхойгоо ашиглан, үндсэн хуулийн цэцээр захиалгат шийдвэр гаргуулсан гэж тус хөдөлгөөнийхөн хэлэв. Хэнтийн 42 дугаар тойрогт хотын дарга асан Э.Бат-үүл бие даагчаар нэр дэвшихээр зэхэж байжээ. Харин “Гэр хороолол хөдөлгөөн” дэмжиж оролцохоор төлөвлөж байсныг тус ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг хэлэв.
Мөн эрх баригчид сонгогдох магадлалтай бусад нэр дэвшигчийн өмнөөс өрсөлдүүлэх хүнгүй тул ийн Хэнтийн гурван сумын иргэдийг төрд төлөөлөлгүйгээр 2020 он хүргэх гэж байна хэмээн хэлэв. Тиймээс ирэх аравдугаар сард бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм.
Харин хотын дарга асан Э.Бат-Үүлийг нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ хэмээн мэдээлж эхлэх үед тэрбээр “АН бол олигархын нам болсон. Би олигархын намаас нэр дэвшихгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Эндээс харахад тэрбээр Ардчилсан намаас гарна гэдэг үнэн болох нь батлагдав.