Үндэсний их баяр наадмын үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хүү Монголд ирээд буцсан. Энэ талаар Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас “Дэлхийн Уламжлалт Спортын Холбооны ерөнхийлөгч Билал Эрдоган Монгол Улсад хийсэн айлчлалынхаа vеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.
Ноён Билал Эрдоган Улсын Их хурлын дарга М.Энхболд болон бусад удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов” гэж мэдээлсэн байдаг. Харин Монголын талаас албан мэдээ гаргаагүй юм. Энэ мэтээр чимээгүй байдлаар гэнэтийн айлчлалууд болох нь бий.
Тухайлахад, Катар Улсын ханхүү Тамим бен Хамад Аль Тани ирэх сарын 2-нд Монгол Улсад албан ёсны айчлал хийхээр төлөвлөсөн байна. Лалын шашинтай орнууд дундаас хамгийн залуу Эмирээр нэрлэгддэг тэрээр албан айлчлалынхаа үеэр Ерөнхий сайдад гэнэтийн бэлэг барина гэсэн мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, энэ сарын 30 буюу нөгөөдөр Катарын Хөгжлийн Сангаас тусгай төлөөлөгчид ирж, Монгол Улсын боловсролын салбарт үзүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах аж. Катар Улс 37 цэцэрлэгийг буцалтгүй тусламжийн хүрээнд барьж, ирэх хичээлийн жилд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.
Катарын Хөгжлийн Сангийн төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр эхлэхээр төлөвлөгдсөн ч 30-ны өдөр болтол хойшилжээ. Төлөөлөгчдийг буцсаны дараа ирэх сарын 2-ны өдөр Катар Улсын ханхүү Тамим бен Хамад Аль Тани өөрийн хувийн онгоцоороо Монгол Улсад айлчлахаар төлөвлөгдөөд байгаа аж.