Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав Монголын зохиолчдын эвлэлийг удирдана
Өнгөрсөн бямба гаригт (VIII/25) Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит бус чуулган хуралдаж, Удирдах зөвлөлийн даргаа сонгожээ. Учир нь тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир таалал төгссөн билээ.
Удирдах зөвлөлийн даргын сунгаанд Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбат, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар өрсөлдөж, олонхийн саналаар Д.Цэнджав сонгогдсон байна.
До.Цэнджав нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Дөрөв дэх засаглал одон, Монголын Зохиолчдын эвлэлийн шагнал, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Дундговь аймгийн хүндэт иргэн, Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан, уран зохиолын томоохон болон богино хэмжээний хүүрнэл зохиолын хоёр удаагийн “Алтан өд” шагналт зохиолч юм.
Тэрбээр “Дэгдээхэй” (1985), “Чонын алтан шагай” роман (“1998, 2009), “Уран дүрийн ертөнцөд” (шүүмжийн ном), “Хул салхи” яруу найргийн ном (2000), “Хөх жавар” тууж өгүүллэгийн ном (2008), “Цагаагчин гахай жил” роман ( 2011), “Зохист аялгууны анир” яруу найргийн ном (2010), “Асар тэнгэрийн дор” 500 рубайн ном ( 2009), “Мянган цэн үг” 1000 афоризмын ном (2010), “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” уран сайхны эсээ ном (2010), “Он цагийн шастир” сэтгүүл зүйн ном (2010), “Элэгдэшгүй он жилүүдийн мөрөөр”аман түүх-эсээ ном (2012) хэвлүүлсэн.
Мөн “Уран зохиолын шүүмж судлал” (2014), “Зохиолчийн урлангийн ертөнцөд” (2014) “Хөх нуурын домог” өгүүллэгийн ном (2015), “Тэнгэрт хальсан тоос” шилдэг туужийн ном (2014), “Эрдэнжононван Ширнэндамдин” намтарчилсан түүхэн ойллого (2016), “Номч мэргэн гүүш Зава Дамдин” баримтат кино (1997) “Эмч ээ, танд баярлалаа” баримтат кино “Чонын алтан шагай” телевизийн 35 ангит уран сайхны кино (2010) зэрэг олон арван бүтээл туурвисан билээ.