Монголчуудын бүдүүлэг авир хүн алчихлаа!
Би ер нь пост бичээд байдаггүй л дээ. Гэвч энэ удаад үнэхээр зүрх зүссэн мэдээ сонсоод нойр хулжин хөрвөөж тэссэнгүй тул та бүхнийг үүнийг уншаад саруул оюун ухаандаа нэгийг санаасай гэсэндээ сийрүүлэн сууна.
Өнөөдөр өглөө "Sky" дэлгүүрийн урд талбай дээрээс нэгдсэн журмаар автобусаар тэтгэвэрийн насны хэдэн хөгшчүүл амралтанд явахаар зэхсэн байж. Тухайн автобус нь цугласан бүх хүмүүсийг суусны дараа хөдөлдөг. Гэвч үүнийг мэдсэнгүй юү, эсвэл угийн бүдүүлэг түрэмгий зан нь хөдөлж түрүүлж унаандаа суусан нь илүү жаргах юм шиг бодсон уу, автобусны хаалга онгоймогц бүгд зэрэг дайрчээ.
Тэр алаан дунд нэгэн буурал толгойтой настай хөгшин "Би ингэж ормооргүй байна! Намайг эндээс гаргаад өгөөч! гэсэн боловч ар араасаа түрсэн олон хүн өвгөнийг голдоо хийн цааш зүтгэсээр өвгөнийг ухаан алдуулан унагаажээ.
Үүний дараагаар нөгөө унаандаа суух гэж улайрч байсан олон хүн гэнэт зорилгоо ч мартан сонирхлоо өвгөн рүү хандуулж бүгд бүчээд авсан байна. Суулгаж өгч байсан үр хүүхдүүд нь хүмүүсийг агаар тавьж өгөн холдохыг хүссэн боловч хэн нь ч холдолгүй харж зогссоор байгаад түргэн ирэхэд өвгөн амьсгал хураасан байна.
Талийгаач унахынхаа өмнө "Амьсгалж чадахгүй байна, намайг гаргаач" хэмээн орилж байх зуур хүүхдүүд нь тэр олон хүнээс аавыгаа сугалж авах гээд дийлээгүй байгаа юм. Энэ үйл явдлыг сонсоод ямар их өр өвдөв өө!
Монголчуудын энэ хэрээс хэтэрсэн биеэ тоолт, бүдүүлэг зан нь даамжирсаар сүүлдээ хүний аминд хүрлээ. Тэр улай үзсэн юм шиг дайрч байсан хүмүүс талийгаачийг хүн гэж тоолгүй унагааж хаячихаад гэнэтхэн бүгд нүд булаалдан өвгөн дээр шавж байгаад бүр алчихсан.
Түргэнийхэн цогцсыг авч явсны дараа л нэг юм онц сонирхолтой олон ангит кино нь дууссан мэт бүгд урьдын адил чихэлдсээр өнөөх гайт автобусандаа сууцгаан амралтандаа явсан байгаа юм. Энэ бол нэг ёсондоо бүлгээрээ нийлэн хүн амины хэрэг хийсэн гэсэн үг. Гэтэл хоёрхон минут оочерлоод сууж болох жаахан тэвчээргүйн улмаас хүний аминд хүрчихээд тэд өдийд юу ч болоогүй мэт дуг нойрондоо дугжирч байгаа байх даа.
Юутай харамсал вэ!!! Юутай эмгэнэл вэ !!! Бидний сэтгэхүй иймхэн дорой буурай болсон юм гэж үү дээ !!!
Энэ үйл явдлыг уншаад өр чинь өвдөж байвал танаас нэг л юм гуйя ! Хаа яваа газраа бүдүүлэг авир гаргагчдыг бүү өөгшүүл. АТМ-ээс мөнгө авахдаа өөртэйгөө ойрхон зогсохыг битгий бусдад зөвшөөр. Автобусанд орохдоо хамгийн сүүлд нь зогс, худалдагчид доромжлуулан байж битгий худалдан авалт хий. Орохоо л боль. Дампуураад ирэхийн цагтаа худлаа ч гэсэн инээдэг болж л таарна.
Бид одоо л ухамсарлахгүй юм бол Чингисийн үр сад хэмээн цээжээ дэлдсээр өөрсдийн ам уралцан муулаад байгаа Эрээний хэдэн хятадуудаасаа ялгарах юмгүй болох нь...
Эх сурвалж : Мягмарсүрэн Лувсан