Европын холбооны санхүүгийн тэргүүн Валдис Домбровскис Брекситийн дараа Британийг холбооны зах зээлд орох эрхийг хязгаарлана хэмээн анхааруулав. Тэрбээр Лондоны санхүүгийн төв ЕХ-ны дүрмийг хэрэгжүүлэх саналыг дэмжсэн боловч зах зээлд орох эрхийг баталгаатай гэж ойлгох ёсгүй гэжээ.
Брюссель улс орнууд нөхцөлийг хангаж байгаа эсэхэд тавих хяналтаа чангатгах бодолтой байна. Тэнцүү эрхийн журмын дагуу Европын комисс тухайн орны санхүүгийн зохицуулалт холбооныхтой адил хатуу байгааг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ЕХ-ны бус санхүүгийн байгууллагууд холбооны зах зээлд ажиллахад хялбар байсан. Гэвч ноён Домбровскис Британид ямар нэг супер тэнцүү байдлын эрх олгохгүйг онцлоод Британийн өргөдлийг салбар бахууль тус бүрээр нягталж шалгана гэв.
Тэрбээр Брюссель уг журмын заалтуудыг чангатгаж, тухайн улсын санхүүгийн удирдлага ЕХ-той мэдээлэл солилцох болон хууль нь шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах шалгуураа дээшлүүлэхийг тэмдэглэв. Ноён Домбровскис “Дагаж мөрдөж буйг нь байнга шалгах шаардлагатай. Энэ бол бидний системтэй хандах нэг салбар” хэмээсэн юм. ЕХ-ны албаныхан Британи холбооны журмыг хэрэгжүүлдэг тул Брекситийн дараа зах зээлд эргэн ороход хялбархан байх болно гэж үздэг.
Гэвч В.Домбровскисын ярьснаас үзэхэд ЕХ Лондоны санхүүгийн давуу байдлыг хадгалахад тустай хуулийн заалтуудыг эргэн харахад бэлэн байгаа аж. Тэрбээр Брюссель энэ асуудлаар яриа хэлэлцээнд нээлттэй байгааг дурдаад, Британи 2020 онд холбооноос гарах үйл явц дууссаны дараа л тэнцүү эрхийн журмын үр ашгийг хүртэх байх гэжээ. Британийн тал түүнчлэн хил дамнасан зарим үйл ажиллагааг тэнцүү эрхэд хамруулахыг санал болгосон юм.
Гэвч В.Домбровскисын хэлснээр гишүүн орнуудын Засгийн газрууд ЕХ-ны бус зуучлал ба хөрөнгө оруулалтын фирмүүдэд зах зээлд орох эрх олгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тэрбээр “Бид одоо эхлэлийн шатандаа явж байна. Учир нь Британи шат ахисан тэнцүү байдлыг хэрэгжүүлэх талаар анх удаа тодорхой санал тавьсан. Бид үүнийг нарийвчлан хэлэлцэж, ямар учир утгатай, аль салбарыг хамрах, чухал салбар орхигдсон эсэхийг хянан үзнэ” гэв.
Британийн гаргасан саналд хоёр тал зах зээлдээ нэвтрүүлэх талаар өөр өөрийн байр суурийг хадгалах боловч бизнест тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж тусгагдсан. Уг төлөвлөгөө ёсоор талууд зах зээлээс гаргахын өмнө нөгөө талтайгаа заавал зөвлөлдөх бөгөөд гаргасан тохиолдолд дундаа явж буй гэрээ хэлцлийг биелүүлэх ёстой. Ноён Домбровскис Британи өмнөх саналуудыг бодвол илүү бодитой төлөвлөгөө ирүүлсэнд таатай хандаж буйгаа илэрхийлэв. Өмнө нь Лондон өргөн хэмжээний байнгын оролцоог шаардаж, тэнцүү эрхийн үйл явцыг алгасах санал тавьсныг Брюссель хүлээж аваагүй юм.