"Оросууд их хөдөлгөөнтэй хүүхдийг сайн эр гарах нь, маш сайн" гэдэг юм гэж хэлээд эмээ маань хөлсөө цутгуулан гүйж харайх хүүг минь хараад хэлсэн сэн. Суу гэвэл суухгүй, боль гэсэн ч болихгүй. Юуных нь сайн байдаг билээ дээ. Би дотроо үгэнд ордоггүй хүүхдийг яагаад сайн гэхийн учрыг ухахгүй ийн бодож суув. Гэтэл саяхан Сасаки Масами хэмээх хүүхдийн сэтгэл судлаачын бичсэн номыг дэлгэн суухдаа эргэн эмээгийн хэлснийг санав.
Эцэг эхийн хэлснийг яг таг биелүүлдэг хүүхдүүд бүтээлч сэтгэхгүй, төсөөлөх чадвараар дутуу байдаг. Аав ээжийн хэлснийг дагасаар нас биед хүрсэн хүн шинийг санаачлан алив ажилд оролцохдоо мөхөс юм. Мөн нийтэч бус өсдөг. Нийтэч бус тул удирдлагын албанд ажиллах талаар бодох ч хэрэггүй.
Тэд хэн нэгний юу гэж хэлэхийг сонсох, тушаал заавар хүлээгээд дадчихсан тул насан турш хүний хэлснээр замнана. Тэдний юу гэж хэлэхийг хэчнээн буруу, цаг зарцуулах байсан ч тэсвэр гарган эхнээс нь дуустал сонсоорой. Мэдээж том хүн илүү боловсронгуй бодож, зөв замыг хурдан эрж чаддаг ч хүүхдэдээ өөрөө өөрийгөө илэрхийлэх боломжийг нь олгохоо мартуузай.
Бага насны хүүхдүүд чихгүй толгой байх тусмаа сайн гэв үү? Хариу нь тийм. Та санаа бүү зов. Тэр алзахгүй. Тэд гаднаас харахад утгагүй мэт үйлдлүүдээрээ бие даах чадвар, бусадтай харьцах харьцаа, нийгэмд гарах бэлтгэлээ базаадаг юм. Аюултай, эргэж засаж болохгүй алдаа хийхээс нь өмнө эцэг эх анхааруулж, хамгаалах үүрэгтэй боловч жижиг үйлдэл бүр дээр нь нэг бүрчлэн сануулга өгөх шаардлагагүй.
Харин ч эсрэгээр, бага сага алдааг эвин хуримтлуулж өсдөг нь хүүхэд. Алдах эрхийг нь олго. Том хүн том алдана, жаахан хүүхэд жаахан алдана. Урд дурайх амьдралын жимд алдаж бүтэлгүйтэх нь үнэн гэвээс өршөөгдөх үе дээр нь алдуулах юм шүү. Ийм учиртай болоод эмээ маань тэр үед цай оочингоо тайвуухан хэлсэн ажээ. Оросууд бас тэгж боддог байх нь ээ. Үнэндээ оросууд намайг хараад эмээд маань тэгж хэлсэн байх л даа. Одоо надад буруудаад байгаа зүйл алга. Би ч хөдөлгөөнтэй хүүхэд байж билээ. Хангалттай дураараа аашилсан даа гэж бодогдох үе ч бий.
Эцэг эхийнхээ үгийг барж, аашийг нь хөдөлгөөгүй өссөн хүүхэд өөрөөсөө дор хүүхдийг дээрэлхэх тохиолдол элбэг. Харин эцэг эхтэйгээ хангалттай наалдаж өөрөөр хэлбэл аргыг нь бартал дургисан хүүхэд өөрөөсөө дор хүмүүстэй зохисгүй харьцдаггүй. Яагаад гэвэл тэгэх ямар ч утгагүй санагддаг байна. Тэртээ тэргүй хангалттай "дасгалыг" ээж аавдаа хийчихсэн юм чинь!
Эх сурвалж: Фэйсбүүк