Ирэх сард "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно
Ирэх есдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлыг хуралдуулах тов зарлажээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр тус компаний Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ирэх есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт компаний байрандаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хуралдуулахаар тогтсон байна. Энэхүү ээлжилт бус хурлаар:
1. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталх тухай,
2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээ төлөвлөжээ.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл даргалах аж. Ээлжит бус хурлын тооллогын комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Үүнд:
Дарга: Захиргааны хэлтсийн дарга Х.Батсайхан
Гишүүд: Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргал, ТУЗ-ийн АА-ны хуульч, засаглалын мэргэжилтэн С.Батсүрэн нар багтсан байна.
"Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 онд иргэн бүртээ ногдол ашиг өгнө хэмээн мэдээлсэн билээ. Тэрээр хэлэхдээ “УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Харин 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын төвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” хэмээн хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны зургадугаар сард хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа танилцуулсан.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах, мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр болсон билээ.