Мягмар гаригт Бельгийн иргэн "EuroMillions" сугалаанаас 107 сая гаруй евро хожсон талаар лхагва гаригт тус сугалааны хэвлэлийн албанаас мэдээлснийг "РИА Новости" агентлаг уламжлав.
“EuroMillions” сугалааны ачаар жил бүр Бельгийн оршин суугчид саятан болж буй аж. Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард Брюссель хотын гудамжны цэвэрлэгч тус сугалаанаас 168 сая евро хожиж, хаант улсын түүхэнд хамгийн их ашиг олсон хүн болжээ. 2017 онд Бельгиэс хоёр азтан тодорсон нь 153 сая евро, 23 сая евро тус тус хожсон байна.
"EuroMillions" сугалааны хамгийн эхний тохирол 2004 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Франц, Испани, Их Британи гэсэн гурван улсад явагджээ. 2004 онд тус сугалаанд Люксембург, Бельги, Швейцарь, Португал, Ирланд, Австри гэсэн зургаан улс нэгдсэн байна. Тэднээс зөвхөн Швейцарь улс л сугалааны азтанд татвар ногдуулдаг ажээ.
Нэг сугалааны тасалбар 2.5 евро. "EuroMillions" сугалаанд нийт 200 сая орчим хүн оролцоод буй юм байна. Бельгийн оршин суугчид зөвхөн 2013 онд гэхэд мөрийтэй тоглоомд 964 сая евро зарцуулжээ. 2017 онд Бельгийн 6.5 сая орчим иргэн "EuroMillions"-т дор хаяж нэг удаа тоглосон байна.