Г.Занданшатар: Албан өрөөнд архи хадгалсан тохиолдолд ажлаас хална
Өнгөрсөн долоо хоногт яамдад шалгалт явуулсан үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
-Төрийн албаны хуулийг баталсан. Иргэн төвтэй мэргэшсэн төрийн албыг бий болгохоор заасан байгаа. Өнгөрсөн долоо хоногт яамдад шалгалт явууллаа. Ажил төрөл хөөцөлдөөд явахад дунд шатныхан хүнд сурталтай, авлига хээл хахуул их байна гэсэн шүүмжлэл гардаг. Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчлэх ёстой. Энэ талаар Төрийн албаны тухай хуульд заасан байгаа.
Гадаад, дотоод томилолтын талаар дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ажлын байрны архидалт, шатах материал оруулах зэргийг хориглоно. Төрийн ордонд архи дарс, хориглосон зүйлс нэвтрүүлэхийг хорьж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар хяналт тавьж байгаа.
Яамдад хийсэн үзлэг шалгалтаар 830 өрөөг шалгахад архи дарс гарсан. Цаашдаа архидан согтуурахыг хатуу хориглож байгаа. Иргэдийн мэдээлэл дээр тулгуурлаж гэнэтийн шалгалт хийнэ гэлээ.
-Архи, согтууруулах ундаа илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох уу?
-Соёл урлагийн газарт салют, УУХҮЯ-нд бензин илэрсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол илэрвэл газар дээр нь хариуцлага тооцох үүргийг Төрийн нарийн бичгийн дарга нарт өгсөн өгсөн. Өнөөдрийн хууль эрхзүйн зохицуулалтаар архи хадгалсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох заалт байхгүй.
Цаашдаа архи хадгалсан тохиолдолд ажлаас нь халах, хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. Зарим тохиолдолд хүний эрхэнд халдлаа, прокурорын зөвшөөрөлгүй байна гэсэн. Энэ бол гэмт хэрэг халдлага гарахаас урьдчилсан сэргийлж байгаа юм.