Сангийн далай нууранд таван төрлийн 3216 шувуу үхжээ
Энэ сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Хөхморьт сумын Сангийн далай нууранд олон тооны шувуу үхсэн тухай дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ, Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн газар дээр нь очиж ажиллажээ.
Ажлын хэсгийнхэн ангир, цахлай, нугас, бор галуу, болжмор зэрэг нийт 3216 шувуу үхсэнийг тогтоож, хоёр ээлжээр цуглуулан, өчигдөр сүүлийн устгалаа хийсэн байна. Өнөөдрийн байдлаар устгалын ажилд урьдчилсан дүнгээр 3.2 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх мөнгийг орон нутгийн Онцгой комиссын сангаас гаргажээ.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Г.Билэгсайханы мэдээлснээр, үхсэн шувуудын 63 хувь нь ангир, 11,4 хувь нь цахлай, 19,3 хувь нь нугас, 6 хувь нь бор галуу, 0,2 хувь нь болжмор аж.
Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шувууд олон улсын хориотой аюултай өвчнөөр өвчлөөгүй болохыг тогтоосон байна. Харин юунаас болж олон тооны шувуу үхсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд нуурын ус, хоол тэжээлтэй холбоотой байж магадгүй юм байна.