Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ болон Азийн АШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хошой хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Энэ нь Жакартагийн Азийн наадмын Монголын багийн дөрөв дэх (чөлөөт бөхөөр О.Үйтүмэн, Э.Сумъяа, буудлагаар Г.Нандинзаяа хүрэл медаль хүртсэн) хүрэл медаль болж байна.
А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Тэгвэл дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор яллаа.