БНСУ-ын Инчон хотын электрон тоног төхөөрөмж угсрах үйлдвэрт гал гарсны улмаас 10 хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтэж бэртсэн талаар "Yonhap" мэдээллийн агентлаг мэдээлснийг “РИА Новости” уламжлав.
Сөүлийн баруун хэсэгт байрлах Инчон хотноо тус улсын Олон улсын нисэх онгоцны буудал байдаг билээ. Агентлагийн мэдээлснээр, гал сөнөөгчдийг очихоос өмнө тус үйлдвэрийн ажилтнууд амьд үлдэхийн тулд дөрвөн давхрын цонхноос үсэрч, улмаар амиа алдсан байжээ.
“Yonhap” агентлаг гал орон нутгийн цагаар 15:03 цагт тус үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугамд гарч, есөн хүн амиа алдлаа хэмээн мэдээлсэн байна. "The Korea Times"-ийн мэдээлснээр, Намдоны аж үйлдвэрийн цогцолборт гарсан галыг унтраалгахаар арван галын машин илгээжээ. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.