УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тавьсан шаардлагад М.Энхболд дарга хариу өгсөн үү?
Энэ сарын 8-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар мэдэгдэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдоос 2018 оны наймдугаар сарын 20-ноос өмнө дараах гурван зүйлийг биелүүлэхийг шаардаж буйгаа илэрхийлсэн билээ. Тус шаардлагад:
Нэгдүгээрт, Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд дэмжигчдлээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх.
Хоёрдугаарт, Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагад хандаж, 60 тэрбумын хэргийг сэргээж, дахин нягтлуулах, олон нийтийн оролцоотойгоор энэ хэргийг мухарлаж, олон нийтийн эргэлзээх тайлах.
Гуравдугаарт, Ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулахыг дурдсан байдаг.
Мөн тэрбээр мэдэгдэл хийхдээ "Миний хувьд Ардчилсан тогтолцоо битгий хэл дарангуйллын тогтолцоонд тавигддаг энгийн ёс зүй, наад захын хариуцлага хүлээх асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлэхгүй мэлзэж байгаа нь биш, харин үнэнийг хайсан нь буруутан болох тал руугаа явж байна.
Өнөөдрийн нийгэмд ёс зүйтэй, хуулийн засаглалтай, хариуцлагатай төрийн оронд ялгавартай үйлчилдэг мэлзсэн төр бий болсныг өнгөрсөн хугацааны үйл явдлууд харууллаа.
Хувь хүн мэлзэж болно. Харин Монголын төр мэлзэж болохгүй. Хэрвээ Монголын төр дагаж мэлзвэл энэ өөрөө тогтолцооны асуудал болж хувирна.
Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар тайлбар авлаа. Эрх мэдэлтний өмнө манай төр засаг хэрхэн ялгавартайгаар хандаж чаддагийг ч бас өөрийн биеэр өнгөрсөн хугацаанд мэдэрлээ.
Монгол Улсын нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч, хуульзүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар мэлзсээр байна. УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар мөн өнөөдрийг хүртэл мэлзэж байна.
УИХ-ын чуулганы зарлаад дараа нь ирц бүрдүүлдэг болохоос ирц бүрдүүлчихээд чуулган зарладаг парламентын тогтолцоо дэлхийн аль ч улсад байхгүй.
Намын бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн нийгмийн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй гэдэг шалтгаанаар хэлэлцүүлсэнгүй. Хариуцлагын талаар томоохон мэдэгдэл хийнэ гэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч, аргацааж өнгөрдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргаа даган мэлзлээ.
Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүй байдалд ороод байна.
Бүх хууль хяналтын байгууллагын дээр эрх зүйт төрийн хувьд ёс зүйн өндөрлөг болсон Үндсэн хуулийн цэцийн байгууллага илэрхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөрчсөн энэ асуудлыг Үндсэн хуулийн асуудал гэж харах уу, эсвэл дахин томилогдсон албан тушаалтнаа хамгаалах уу гэдгийг хамтдаа харцгаая.
Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд зааснаар Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих, төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлдэг гэж заасан байдаг. Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувь Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна.
Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд ийм нөхцөл байдалтай эвлэрэн цааш явах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа юм.
Миний хувьд сэтгэл хөдлөлдөө автагдсан, бусдаас ялгарах эр зоригтон биш. Нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм биш. Хэн нэгэнтэй албаар муудалцах зорилго байхгүй. Зүгээр л ийм тодорхой бичлэгтэй хэргийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж нийтийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж, шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд минь эргэлзээ үүссэн юм. Тиймээс л үүнийгээ удаа дараалан илэрхийлээд байгаа юм.
Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв дурдсан хугацаанд Төрийн ордонд энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэг хүсч, шат дараатай тэмцэхээс өөр аргагүй болж байна. Наймдугаар сарын 20-ноос хойш дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно. Олон нийтэд хандаж, орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ.
Ээлжит бус чуулган хуралдуулахаар УИХ-ын 24 гишүүн гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүний гуравны нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Ийм тохиолдолд ээлжит бус чуулган зарлахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн даваа гаригт буюу өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ажлын цаг дуусахын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, “60 тэрбум”-ын ярианд оролцсоноо хүлээж, уучлалт гуйсан бичгээ өгсөн байна. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд бусад шаардлагуудыг нь ч биелүүлэхээ мэдэгджээ. Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийх мэдээлэл байна.