Дэлхийн аварга П.Орхон: Кыргызстаны бөхөөс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна
“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэн ялж, алтан медаль хүртэв.
Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг “Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Түүнээс хойш найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь шар өнгийн медалийг авчирлаа.
Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.
П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон билээ.
Монголын чөлөөт бөхийн холбооноос П.Орхоны анхны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Торонто-1993” ДАШТ-ий хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарт халуун баяр хүргэв.
Дэлхийн аварга П.Орхон ялалт байгуулсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Тамирчдаа дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа. Индонезийн дэвжээнээс улсынхаа хоёр дахь медалийг хүртсэндээ баяртай байна.
Хоёр жилийн өмнө Риогийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцохдоо аваргын төлөө барилдсан Кыргызстаны бөхөд өмнө нь ялагдаж байсан. Түүнээс даагаа нэхэж, 11:0-ээр ялсандаа сэтгэл хангалуун байна. “Охиндоо амжилт хүсье” гэж утсаар болон фэйсбүүкээр захидал илгээсэн монголчууддаа баярлалаа.
Өнөөгийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, Энхтөр багшдаа болон “Алдар” спорт хорооны хамт олондоо их баярлалаа. Олон жилийн хөдөлмөрийг нь амжилтаар хариулж яваадаа баяртай байна. Энэ жил ДАШТ-ээс өмнө есдүгээр сард Европын нэгэн тэмцээнд оролцоно” гэв.