Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур
Наадам өнгөрмөгц гадны хэдэн нөхдийн хамтаар Хар зүрхний Хөх нуурт очиж хэд хоног амрав. Би Монгол орноороо хоёр удаа хөндлөн гулд туулж тойрсон, аймгуудад бол олон удаа очсон. Харин түүх, соёлоо судалдаг хүн гэхэд энэ нутагт ирэлгүй өдий хүрчээ. Тиймээс энд ирж, дээдсийн буурал түүхтэй олон сэжмээр салшгүй холбоотой энэ газрын үүх түүх, хөрсөн дээр нь номын хуудас мэт бичигдэж үлдсэн гайхамшигт үйл явдлуудыг нэгбүрчлэн үзэж “уншихыг” хичээв.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хар зүрхний Хөх нуур бол “Монголын нууц товчоо”-нд нэг бус удаа дурдагддаг, эзэн Чингисийн амьдрал замналтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар авай. Эндээс зүүн хойш 180 километрт Чингис хааны унасан газар угаасан ус байдаг аж. Тэгэхлээр энэ нутаг бол их хааны төрсөн нутаг, жилийн дөрвөн улиралд нааш цааш нүүж суун аж төрсөн, насан туршийн их үйлсээ хийж гүйцэтгэсэн, яах аргагүй их хааны төрсөн нутаг орон мөн болой. Баруун хойдтой Бага Буурал, Их Буурал хоёр сайхан уул хүглийнэ. Түүний зүүгээр хойш аялахуйд Төв аймгийн Мөнгөморьт сумын нутаг ордог аж. Хойшоогоо бол тэр чигээрээ их хөвч эхэлдэг гэнэ.
Хар зүрхний Хөх нуур хэмээх энэ нутаг Чингис хаан болоод түүний гэр бүлийнхний, хиад боржигин овогт хамаг монголчуудын уугуул нутаг болох нь “Монголын нууц товчоо”-ноос төвөггүй ойлгогдоно. Зарим судлаач энэ нутгийн нэр “Монголын нууц товчоо”-нд 2-3 удаа гардаг гэж үзсэн бол миний ойлгож байгаагаар 9 удаа дурдагдаж байна. Үүнээс яг нэрээрээ 2 удаа, нэрээрээ бус ч энэ нутгийн тухай өгүүлж байна гэж ойлгогдохоор 7 удаа тэмдэглэгджээ.
Тэдгээр нь 89, 90, 93, 94, 96, 122, 123, 129, 141 дүгээр зүйлүүд юм. Тухайлбал 89 дүгээр зүйлд “Тэнд бүгдээр нийлэлдэж Бурхан халдуны өвөр Хүрэлх дотор урсах Сэнгүр горхины /Цэнхэрийн гол/ Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав” гэж өгүүлжээ. Үүнээс үзэхэд Чингис хааны гэр бүл бүр бага залуугаас нь энэ нутагт амьдарч байсныг илтгэх ба 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхт газар авай.
1189 оны шаргачин тахиа жилд Тэмүжин хорин долоон настайдаа Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байжээ. Түүнд шадарлаж асан Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигин, Есүхэй баатрын ах Нэгүүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатарын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сачэ бэхи нарын монголчууд зөвлөлдөж Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг Монголын хаан болгосон түүхт газар энэ буюу. Чингис хаан энэ нутгийг ихэд таалж, дархлан онголж, зусч намарждаг байжээ.
Эндэхийн уул, ус, ой хөвч их хаан болоод түүний гэр бүлийнхэн, шадар дэргэдийнхэн, ерөөс тэр цагийн монголчуудын амьдрал аж төрлийг тэтгэж дэвжээсэн, эртний ерөөлтэй, ашдын бэлгэтэй аргагүй сайхан нутаг орон ажгуу. Тийм болохоор Хар зүрхний Хөх нуур нь Монголын агуу түүхийн хуудас, Чингис хаан, Монгол үндэстний мандал бадралтай холбоотой олон үйл явдал болж өнгөрсөн онцгой, ариун дагшин газар мөн.
Найман шарга морийг нь дээрэмчид хулгайлж одоход залуу хөвгүүн Тэмүүжин ганцаараа нэхэн явсаар, замдаа хожмын нэгэн насны анд нөхөр, есөн өрлөг жанжных нь нэг болсон Боорчитой тааралдан хамт цааш одож дээрэмчдийг хөөн гүйцэж морьдоо буцаан авч харьж ирсэн газар нь аанай л энэ нутаг. Бөртэ хатныг булаан авч одсон өст мэргидийг дайлж буцаан авч харьж ирсэн газар нь аанай л энд. Ингэж бодон эрт, өдгөөг эргэцүүлэн, түүхт үйл явдлуудыг нүдэндээ үзэх мэт эргэн тойрны уулс ус, байгаль хангайг бараалан, бишрэн бахдан зогсохуйд “Тэмүүжин найман шаргаа туугаад хаагуур явж ирсэн бол, ар гэрийнхэн нь яг хаана угтан тоссон бол, өргөө гэр, хот айл, мал сүрэг нь хаа байсан бол?” хэмээн бодлоо бэлчээн уул талаар нисгэнэм.
Нүүдэлчдийн ертөнц, өмнийн тариачин соёлт нангиад, өрнийн суурин иргэншилт загалмайн шашинт олон улс, Дундад Азийн лалын шашинт ард түмнүүд гээд тухайн цагтаа бүх дэлхий хэмээн ойлгогдож асан Евразийн уудам их газар нутгийг нэгэн төрийн дээвэр дор хураан нэгтгэсэн агуу их үйл хэргийн түүх цадигийг хураангуйлан өгүүлсэн “Монголын нууц товчоо” хэмээх энэ хөлгөн их түүхэнд нэр багтана гэдэг бол үнэхээр онцгой чухаг түүхэн үйл явдал болсон, эс бөгөөс хосгүй үзэсгэлэнт газар байж таарна. Яагаад гэвэл их хаан тухайн цаг үеийн дэлхийг хөндлөн гулд туулан явсан хүн болохоор хэр баргийн газар оронд хүрсэн тухай нь нэгэн номын дотор дурдаад байх зай төдий л үгүй болой.
Ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт уулсын дундахь хоорондоо холбоотой том жижиг хоёр нуурыг Хөх нуур гэнэ. Нуурын арын уулыг Зүрх хайрхан гэнэ. Тиймээс Хар зүрхний Хөх нуур гэдэг нэр үүссэн бололтой. Эзэн Чингис хааны үеэс, магадгүй түүнээс ч эрт тахиж шүтдэг байсан энэ хайрхныг өнөөдөр Монголын төр дархлан тахих болжээ. Жил бүрийн 9 дүгээр сарын 20-доор Зүрх хайрхны шүтлэгийн ёслол болж олны хөл ихэсдэг гэнэ.
Хар зүрхний Хөх нуурын урд эрэг дээрх 15 орчим метр диаметртэй гэрийн буурь мэт хэлбэртэй чулууг Тэмүжинг хаанд өргөмжлөгдөхөд нь барьж өгсөн ордны буурь байж магадгүй хэмээн таамагладаг. Өнөөдөр тэнд очсон хүмүүс энэ гэрийн буурин дээр хөрвөөн хүслээ шивнэдэг агаад албан тушаал ахиж, хүсэл мөрөөдөл биелдэг гэнэ. Ялангуяа цэргийнхэн их очдог агаад дараа нь дахин очихдоо цол ахичихсан, генерал болчихсон ирдэг гэнэ лээ. Энэ тухай хүмүүс хэдийн мэддэг болж, хүслээ шивнэн хөрвөөцгөөж харагдана.
Их хааных бололтой эртний гэрийн том буйрын өмнүүр хэдэн модон сийлбэр хөшөөнүүд газарт суулгажээ. Цаг өөр болж, эх түүхээ хүнээс эмээлгүй ярьж бичих боломж олдсон ерээд оны үед эдгээрийг суулгасан буй заа. Хөрөнгө мөнгө хомс байсан тэр үедээ болж л байж. Харин өнөө харахад энд эх түүхийн онцгой үйл явдлыг дүрслэн харуулсан томоохон цогцолбор байгуулах цаг болсон гэмээр. Гадаадын олон орны жуулчид Өвөр Монголын Ордост очиж аварга их түүхэн цогцолборыг үзээд тэндээс гүнзгий цогц мэдлэг ойлголт олж аваад буцдаг.
Харин энэ газар ирсэн хүнд зориуд хэлж ярихгүй л болж юу ч мэдэхгүй өнгөрч байна. Өнөө цагт хүмүүс баргийн юмыг тоохоо больсон цаг тул би их хааны нутагт ирснээ төдийлөн их ярьсангүй. Бид хамт явсан гадны хүмүүст ийм түүхтэй газарт ирж байгаагаа төдийлөн хэлэлгүй явсаар, буцахдаа ахин дахин өгүүлж байж сая нэг үнэмшүүлэв. Тэд үнэмшсэн ч, ийм түүхт газарт энэ тухай өгүүлэх юу ч байхгүй байгаад гайхаж байсан юм.
Нуур жилээс жилд жижгэрч байгаа гэж хэдэн жилийн өмнө очсон хүмүүс ярьж байсан бол энэ удаад нутгийнхан харин ч, нуурын ус нэмэгдэж байгаа хэмээн ам сайтай байна. Бороо хур ихтэй байгаа болохоор нуурын эргэн тойрны намаг шалбааг нь их байна. “Хандгай буга уулнаас бууж нуурын зэгс идэж ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан нь харагдахаа больсон гэнэ. Баячууд ойр ойрхон онгоцтой буудаг болсноос, дуу чимээнээс дайжсан хун нугас нуурандаа ирэхээ больсон гэнэ” гэсэн яриа чих дэлсдэг байсан. Тэгвэл хандгай буга нь цөөрсөндөө ч биш, намрын сэрүү унахад хөвчөөс бууж ирдэг ажээ. Бидний буусан “Бишрэлт” гэдэг жуулчны баазын хүмүүстэй энэ мэт мэдээлэл авч жаал ярилцав.
Би гадаадын хэдэн хүмүүстэй хамт явж хэд хонолоо. Араб, герман зүгийн тэр хүмүүс байгалийн сайхныг бахдан шагшиж зураг аван тэр дор нь нутаг руугаа, ар гэрийнхэндээ шэйрлэн илгээх ажээ. Европын байгаль Монголынхтой төстэй, үзэсгэлэнт газар ус олонтой. Харин араб бол ер нь л хэцүүхэн газар гэнэ. Өнөөх зургуудыг үзсэн хүмүүс нүдэндээ итгэхгүй дахин дахин асууж байна гэнэ. “Ийм газар үнэхээр байдаг гэж үү? Ийм их хивс шиг нил цэцэг ногоо, нуур устай газар байдаг гэж үү? Ямар үзэсгэлэнтэй, үлгэр диваажингийн орон шиг сайхан юм бэ? гэлцэн дуу алдаж итгэж өгөхгүй байна гэнэ.
Тэгэхнээ нь арабын нутаг бол огт өөр, ердөө л элсэн цөл, бас дахиад элсэн цөл байдаг аж. Монголын говийг үзээгүй хүн яг Сахарын цөл шиг нил элс манх, юу ч үгүй жинхэнэ цөл байдаг гэлцдэг. Очоод үзэхээрээ говь бол элсэн цөл биш юм байна, говь бол өвс ногоотой сайхан тал хээр нутаг юм байна гэж мэдэж авдаг. Харин Арабын нутаг бол жинхэнэ элсэн цөл гэнэ. Юун ийм битүү дэвссэн хивс шиг өвс ногоо, цэцэг алагласан уул тал, ой хөвч. Үгүйн тийм орчинд төрж өссөн хүн ийм их өвс ногоо, мод бут, уул усны зураг хараад нүдэндээ итгэхгүй байх нь аргагүй. Чухам “мянга сонссоноос нэг удаа үз” хэмээх мэргэн үгийн учир жанцан энэ буюу.
Монголчууд бид нэг сайн наадамдаж аваад амралтаа авч хөдөө нутгийн зүг хөлгийн жолоо залдаг болоод уджээ. Буруу нь юу байхав. Эх орноороо хөндлөн гулд аялж, эх орныхоо байгалийн сайхан, эх түүхийн баатарлаг агууг таньж мэдэхдээ эрт цагийн агуу Их Монгол, энэ цагийн ядарсан жижигхэн Монголоороо улам их бахархаж, улам их хайрлан хамгаалах сэтгэл төрдөг биз ээ. Чухам ийм гайхамшигт сайхныг үзээд цээж дэлдэн омогшихгүй монгол хүн гэж үгүй.
Наадам үзэж, наадмын хурдан морь ирэлзэн ирэхийг хараад самсаа шархиран сэтгэл огшиж суусан хүн маргааш нь тийн Монгол нутгийн байгалийн сайханд цээж дэлдэн омогшиж явдаг билээ л. Харийн хүн миний Монголыг үзээд шагшин дуун алдаж, харьд суугаа бусад нь нүдэндээ итгэхгүй байхад тэгэхгүй яах юм бэ. Ийм сайхан эх оронд хүү болж төрсөндөө монгол хүн азтай, жаргалтай буюу. Тийм ч учраас их Нацагдорж нэгэнтээ: “...Монгол газар минь уужим юм аа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ...” хэмээн бичсэн байж таарна аа.
Сайны хажуугаар саар зүйлийн тухай хэлэхгүй бол бас болохгүй нь. Монголчууд хөдөөгүүр их аялдаг болжээ гэж дээр хэлсэн. Хөх нуурт үнэхээр олон хүмүүс очиж байна. Өмнийн говиос, өрнийн Завхан, хаа холын Алтайгаас, Дорнодоос гээд. За тэгээд гадаадын жуулчид ч их ирж байна, хотынхон бол мэдээж дийлэх нь. Харин нэг л зүйлд монголчууд бид хэвшихгүй байна, хэвштлээ удах нь шиг байна. Тэр болтол онгон дагшин байгаль дэлхий маань сүйдсээр байх нь. Тэр бол байгаль дэлхийдээ хог тарьж, хаа дуртай газраа хөнгөрч хүндэрч бузарлаж байгаа явдал.
“Ой руу хамаагүй битгий яв, нил хог, нил ...” гэлцэх үг байнга сонсдоно. Биднийг хотоос гарахаас өмнөхөн “Хар зүрхний Хөх нуур хогондоо дарагджээ” гэж интернэтээр бичиж байсан. Удалгүй “Хөх нуураа цэвэрлэлээ” гэсэн сайхан мэдээ харагдсан. Харахад эндэхийн байгаль дэлхий, нуур ус, ой уулс цэвэрхэн сайхан байна. Гэхдээ л... Өнөөдрийн энэ маягаар уулс усаа бохирлож бузарлаж, түүний нь цэвэрлэсэн аятай болдог энэ байдал хол явахгүй, нэмэр болохгүй ээ. Энэ талаар жинхэнэ хувьсгал хийж байж сая өөр болно. Ёстой өнөөх жорлонгийн хувьсгал хийж гэмээнэ, сая хөгжил дэвшил, нийгэм, цаг үетэйгээ зохицоно. Тэгэхгүй бол нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болсоор байтал энэ онгон дагшин байгаль дэлхий үгүй болох вий.
Шуудхан хэлэхэд, хөдөө орон нутагт, аймаг, сумын төвүүдэд, хот хоорондын томоохон авто замуудын дагуу, мөн ийм аялал жуулчлалын цэг газруудад орчин үеийн боловсон жорлон, бие засах газар, угаалгын газруудыг бий болгох хэрэгтэй байна. Зүгээр нэг газар ухаад, модон жорлон босгох төдий биш, харин дороо том савтай нойл, угаалтуурын өрөөтэй, нэг үгээр хэлэхэд өнөөгийн дэлхийн жишигт хүрсэн тийм л байдлаар тохижуулах цаг болжээ. Тэгээд хог, ялгадсыг байгальд шингээх биш, дахин боловсруулдаг, бордоо болгон ашигладаг болмоор.
Ингээд бодоход өнөөдрийн Улаанбаатарын хөрсөн доор ямар байгаа бол гэж бодохоос огиудас хүрнэ. Миний мэдэхийн, жараад оны үеэс хойш Улаанбаатарын гэр хорооллынхон хашаа болгондоо нэг жорлонтой. Хэдэн айлын дундах тэр жорлон нь жил болов уу, үгүй юу, дүүрчихнэ. Монголчууд чадахгүй байж цамаан зантай, мөнгөгүй байж залхуугийн туйл. Өвөл болохоор дүүрч хөлдсөн жорлонгоо өөрсдөө ухахгүй, хятадуудаар ухуулна. Тэр үед жорлон ухдаг хятадууд хотын гудамж хороогоор их явна. Мод хөрөөддөг монгол, жорлон ухдаг хятадууд айлуудаар явж ажил хийн мөнгө олдог байж. Тэднээр жорлонгоо ухуулчихаад монголчууд мөнгөн дээрээ унжиж бөөн юм болно. Тэгж тэгж хагас дутуу мөнгийг нь өгөхөд өнөөх хятад нь амандаа үглэн хараасаар гарч одно:
-Муу үхэр монгол чи өөрөө баасаа цэвэрлэж чадахгүй байж, бас мөнгөө харамланаа! За яахав. Хэдэн жилийн дараа танай Улаанбаатар Жорлонбаатар болноо! гэсэн утгатай хараал урсгасаар гарч одно. Өнөөх монголчууд нь юу гэж хэлж байгаагий нь ухаарахгүй:
-Хөөе, муу луухан, наад мөнгөө аваад бушуухан зайл үз! хэмээн хэдэн төгрөг сожсондоо их л маадгар үлддэг байсан дүр төрхийг нэгэн жаран өнгөрсөн өнөөдөр эргэн харахад хятадууд өнөөдрийг харж хэлж, монголчууд өнгөрсөн тэр цагаараа л үлдэж дээ гэмээр. Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд хэчнээн нүхэн жорлон байгаа бол? гэж бодохоос нийслэлийн хотын хөрсөн дор ямархан байгааг хэлэлтгүй. Өнөө хэр нь бид Төв цэвэрлэх байгууламжаа өөрсдөө засчихаж чадахгүй, өнөөх л муу хятадаа гуйж шалсаар байгаа. Уг нь монголоор дүүрэн ажилгүй, архайлдсан залуучууд.
Ийм ч сургууль төгссөн, тийм ч дипломтой хэмээн сайрхаж баргийн ажил голж шилэн ээж аваараа тэжээлгээд хэвтэцгээж байна. Цэрэг армийнхан гэж шижигнэсэн эрс мянга мянгуулаа улсаар тэжээлгээд “Цэрэг хүнийг мянган өдөр тэжээж, нэг өдөр хэрэглэдэг” хэмээн цэцэрхээд сууж байна. Чухам одоо л бид энэ бүхнийг анхаарч хийхгүй бол маргааш гэхэд зөвхөн Улаанбаатар биш, хөдөө нутаг, энэ үзэсгэлэнт сайхан байгаль хангай, бүх Монгол ийм болох байдал хол биш ойрхон нүүрлээд байна.
Дараачийн нэг асуудал бол Хар зүрхний Хөх нуур хүрэх замыг засч сайжруулууштай. Мэдээж цаана нь хөшөө дурсгал, амралт, үйлчилгээний газрууд гээд орчин үеийн шаардлагад нийцсэн олон хүчин зүйл шаардагдана. Хүссэн ч, эс хүссэн ч тэр зүгт явах цаг болжээ. Тэгж байж Монголын байгаль, түүхийн давуу талыг ашигласан аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжих боломж бүрдэнэ ээ. Тэрэлжийн уулс, Орхоны Улаан цутгалан, Өгий, Хөвсгөл нуур, Чулуутын гол, Тайхар чулуу гээд аялал жуулчлалын гол газрууд ямар байгаа бол гэж бодоход өнөөдрийн энэ янзаар аялал жуулчлал хөгжихгүй нь хэнд ч ойлгогдоно. Харин ч байгаль дэлхийгээ бохирлож бузарласаар төрөл арилжуулах вий гэсэн эмзэг бодол сэтгэлд ургана.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар