Энэ жил шинээр хүүхэд нь цэцэрлэг, сургуульд орох эцэг эхчүүдийн анхааралд
Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар цэцэрлэгт орох 114 мянга 225 хүүхэд, нэгдүгээр ангид орох 26 мянган хүүхэд байгааг тогтоожээ. Шинээр цэцэрлэг, сургуульд орох гэж буй бүх хүүхэд шээс, цагаан хорхойн шинжилгээ заавал өгөх шаардлагатай.
Жил бүр шээс, цагаан хорхойн шинжилгээг хаана авах нь харилцан адилгүй байдаг. Цөөхөн хэд нь Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ авдаг бол зарим нь дүүрэг дээр, үлдсэн нь цэцэрлэг дээрээ нэгдсэн журмаар зохион байгуулж шинжилгээ авдаг. Наймдугаар сарын 18, 19, 25, 26 болон есдүгээр сарын 1, 2 буюу зөвхөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв дээр тус дүүргийн харъяа цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ авах юм байна. Эцэг эхчүүд жил бүр дүүргийн эрүүл мэндийн төв ачаалалтай байдаг тул өрх дээр дээрх хоёр шинжилгээг авснаар ачаалал багасна гэж үзжээ.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны “Энхийн санаа” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ц. Мөнхзаяа хэлэхдээ “Нэгдүгээр ангийн болон шинээр цэцэрлэгт орох гэж байгаа хүүхдүүд цагаан хорхой болон шээсний шинжилгээ заавал өгдөг. Мөн хэрэв тухайн хүүхэд цэцэрлэг, сургуулиасаа чөлөө авсан болон шилжиж буй тохиолдолд шинжилгээ дахиж өгөх шаардлагатай байдаг.
Шээсний шинжилгээ өгөхдөө цэвэрхэн нэг удаагийн саванд хийх хэрэгтэй. Бүр боломжгүй бол хүүхдийн нухашны шилийг маш сайн угааж хэрэглэж болно. Гэхдээ хүмүүс шээсний шинжилгээ өгнө гэхээр ууж байсан ундааны сав юм уу, нарийн хүзүүтэй гэртээ байгаа зориулалтын бус савыг зайлж хэрэглэдэг.
Хэрэв зориулалтын бус сав ашиглавал шинжилгээ авдаггүй бөгөөд авсан тохиолдолд хариу буруу гардаг. Хүүхдийн шээсний шинжилгээ учир аль болох эмийн сангаас нэг удаагийн зориулалтын сав худалдан авч ашиглах ёстой юм. Шээсний шинжилгээ авснаас хойш хоёр цагийн дотор лабораторид аваачиж өгөх хэрэгтэй байдаг.
Мөн цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө урд орой нь долоон цагаас хойш өөх тостой, халуун ногоотой хоол, чихэр жимс, ундаа хүүхдэдээ өгөхгүй байж шингэн зүйл сайн уулгаарай. Хэрэв долоон цагаас хойш дээрх зүйлсийг өгвөл цагаан хорхойн шинжилгээний хариу буруу гарах магадлалтай юм.
Манай өрхийн эрүүл мэндийн төв дээр бүх төрлийн шинжилгээ авч байгаа шээс, цус, биохими, сахар гэх мэт. Гэвч хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг авдаггүй. Шээсний шинжилгээний хувьд долоон хоногийн хугацаатай байдаг тул жил бүр эмнэлгүүдэд ачаалал үүсдэг. Хүүхдийн шээсний шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээр авбал ачаалал тодорхой хэмжээгээр багасна.
Энэ жил Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр нэгдсэн журмаар шээсний шинжилгээ авах шийдвэр гаргаагүй. Цагаан хорхойн шинжилгээний хувьд нэг сарын дотор хүчинтэй байдаг тул хугацааг нь тулгалгүй эрт шинжилгээ өгөх боломжтой. Тусгай төхөөрөмж ашигладаг болохоор өрх дээр авах боломжгүй байдаг.
Цагийн хувьд шинжилгээг өглөө эрт 08:30-14:30 цаг хүртэл авч байгаа. Шинжилгээ өгөхдөө шинжилгээний төлбөр болох 3000 төгрөгийг бэлэн авч ирэх хэрэгтэй. Мөн шинжилгээний үеэр хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг үнэгүй хийгдэнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ шинжилгээг харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө эрт өгөхийг зөвлөж байна” гэв.