2016 оны намар болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд ардчилсан нам ялалт байгуулсан ганц дүүрэг нь Баянзүрх. Тиймээс өнөөдөр тус нам уг дүүрэгт засаглаж, удирдлагыг барьж буй. Сонгуулийн үр дүнгээр АН 22, МАН 19 тойрогт ялалт байгуулсан. Мөн сонгуулийн дараа зургаан ч тойрогт маргаан гарч АН, МАН-ын аль алиных нь зүгээс шүүхэд хандаад байсан юм.
Дээрх маргаантай тойргуудын дөрвийнх нь маргааныг шүүх сонгуулийн болон бусад хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж, сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид төлөөлөгчийн суудалдаа үлдсэн. Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн 10 болон 19 дүгээр тойрогт болсон сонгуулийн маргаан удтал үргэлжилж, гурван ч шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаад байгаа.
Тэгвэл энэ хоёр тойрог дээр ирэх аравдугаар сарын 27-нд дахин сонгууль явуулах товыг зарлаад байна. Суудлын харьцаа тун ойрхон үед энэхүү дахин сонгууль Баянзүрх дүүргийн удирдлагын эрх шилжих эсэхийг шийднэ гэдгээрээ ихээхэн чухал. АН ялалт байгуулвал эрх баригчийн байр сууриа илүү баталгаажуулна. Харин МАН-ын хувьд засаглалын эрх шилжүүлж авах боломжийг олгоно.
Тиймдээ АН, МАН-ын зөвхөн Баянзүрх дүүрэг дэх намын байгууллагууд төдийгүй төв намаас нь ч ихээхэн анхаарал тавих нь тодорхой юм. Сануулахад одоо дүүргийн ИТХ дахь “Хүчний харьцаа” АН 20, МАН 19 болоод буй. Мөн дахин сонгуулийн үр дүнд бас нэг сонирхолтой нөхцөл байдал үүсэх магадлал бий. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн 10, 19-р тойргийн аль нэгд нь дээрх хоёр намаас өөр нам эсвэл бие даан нэр дэвшигч ялалт байгуулбал хоёр намын төлөөлөгчдийн тоо тэнцэж дүүргийн удирдлагыг эвсэл байгуулан томилох нөхцөл бий болно.
Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн аль дүүрэгт, хэдэн тойрогт нөхөн болон дахин сонгууль болох вэ?
-Багахангай дүүрэгт нэг төлөөлөгчийн орон гарсан үндэслэлээр нөхөн сонгууль, Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Ирэх аравдугаар сарын 7-нд Багахангай дүүрэгт нэг тойрог дээр нөхөн сонгууль явуулна. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг явуулах хугацааг тодорхой заасан байгаа. Түүний дагуу нөхөн сонгуулийн товыг тогтоосон. Харин сонгуулийн хуульд дахин сонгуулийг явуулах хугацааг тодорхой заагаагүй. Дахин сонгуулийн тухайн дүүргийн сонгуулийн хороо зарлана. Тэр агуулгаараа Баянзүрх дүүргийн хоёр тойрогт явагдах дахин сонгуулийг аравдугаар сарын 27-нд явуулах тов гарсан.
-Эдгээр сонгуулийн зардал хаанаас гарах вэ?
-Тухайн дүүргийн төсвөөс зардлыг гаргана. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн төсвөөс сонгуулийн зардал, хөрөнгийг гаргадаг.
-Нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулах вэ?
-Багахангай, БЗД-ийн сонгуулийн хороо зохион байгуулна. Өөрөөр хэлбэл 2016 оны дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулсан тэр хорооны бүрэлдэхүүн одоо болох нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулна гэсэн үг. Дүүргийн сонгуулийн хорооны гишүүд орон тооны бус байдаг. Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн сонгуулийн хороо томилдог. Дээрх хоёр дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оруулахаар болсон тул нийслэлийн сонгуулийн хороо гишүүдийг томилох шаардлагатай байгаа.
-Баянзүрх дүүргийн дахин сонгууль ач холбогдлын хувьд дүүргийн удирдлагын төлөө өрсөлдөөн болохоор байгаа. Тэр үүднээсээ тухайн дүүргийн сонгуулийн хороонд орж ажиллах хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна гэж заасны дагуу томилдог. Ингэхдээ дурын төрийн албан хаагчийг томилчихдоггүй. СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, СЕХ-ны нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонгож ажиллуулна. Сонгуулийг ямар нэгэн маргаан, будлиангүй зохион байгуулах үүднээс сонгуульд оролцогч субьектийн болзол шаардлагыг хангасан төлөөлөгчийг оролцуулж ажиллана.
-Баянзүрх дүүргийн дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?
-Хуулийн дагуу дахин сонгууль болохоос 60 хоногийн өмнө намууд сонгуульд оролцох, эсэхээ илэрхийлж бүртгүүлнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа сонгуулиас 45 хоногийн өмнө явагдах байх.