“Жаст”-ын Ш.Батхүүд хохирол барагдуулах хөрөнгө бий юу?
"Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан дуулиан намжаагүй л байна. Тус асуудал нь эцэстээ Арбитрын шүүхээр орж өнгөрөгч долдугаар сард “Стандарт” банкинд төлөх ёстой 100 орчим сая ам.долларыг Ш.Батхүү бус “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр шийдвэр гарсан билээ.
Ингэхдээ давж заалдах эрхгүйгээр шийдвэр гарсан учраас “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Стандарт” банктай юуны өмнө хэлэлцээрийн ширээний ард суухыг чухалчилж байгааг дуулгажээ. Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр төлөх шийдвэр гарсан учраас тус үйлдвэр нь “Стандарт” банкинд төлөх ёстой өрөө төлчихөөд Ш.Батхүүгээс уг мөнгийг гаргуулж авна гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Хамгийн гол нь 100 орчим сая ам.доллар гэдэг их мөнгө, монгол мөнгөнд шилжүүлвэл 240 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 200 орчим сургууль цэцэрлэг барихад хүрэлцэнэ хэмээн тайлбарлаж буй. Тэгэхээр ийм их хэмжээний хөрөнгө мөнгө Ш.Батхүүд байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Ш.Батхүү хэлэхдээ “Жаст” группээ зарсан хэмээсэн билээ.