Санамсаргүй сонголтын аргаар онлайнаар цэцэрлэгийн элсэлт зохион байгуулна
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдаж эхэлдэг. Нийслэлийн хэмжээнд нийт 110 сургууль, 170 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэ хичээлийн жилд 50 орчим хувьд нь засвар хийгдэж байгаа ажээ. Тухайлбал, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим сургууль, цэцэрлэг төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд тааруулаад хэсэгчилсэн засвар хийж буй юм байна.
Өнгөрсөн жилд улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн. Энэхүү асуудал энэ жил мөн давтагдах ч 22 сургууль болж буурчээ. Салбарын сайд “Ирэх оны есдүгээр сарын 1-нд гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэнэ” хэмээн ярьсан. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуулиудын өргөтгөлийн ажил үргэлжилж байна.
2018 онд нийт дүнгээр боловсролын салбарт урьд өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт хийгдсэн тухай ярьдаг. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд 100 гаруй цэцэрлэг, 100 гаруй сургуулийн барилга байгууламжийн үйл ажиллагаа эхэлжээ.
Одоогийн байдлаар засвар үйлчилгээний ажил нийслэлийн олон сургуульд ид хийгдэж байна. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Түүнчлэн энэ он дуусахаас өмнө нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилгын ажил дуусч, ашиглалтад орох ажээ.