Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг танилцуулсан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Трамп АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийг томилохоор нэрийг нь дэвшүүлжээ.
Тэрбээр 2015 оноос хойш Филиппиний нийслэл Манила хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр ажиллаж буй юм байна. Майкл С.Клечески 2013-2015 онд Казахстаны нийслэл Астана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр, мөн ОХУ, Ирак, Швейцарь, Польшид томилогдон ажиллаж байжээ.
Жоржтауны их сургуульд Гадаад харилцааны шинжлэх ухааны бакалавр, Колумбын их сургуульд Философийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр орос, польш, франц, тагалог хэлтэй. Майкл С.Клечески АНУ-ын Төрийн департаментын нэр хүнд бүхий 12 шагнал хүртжээ. Түүний эхнэрийг Элоиза де Леон Клечески гэдэг бөгөөд гурван хүүхэдтэй аж.