Хятадын хамгийн нөлөө бүхий лам садар самууны хэргээр албан тушаалаасаа огцров
Хятадын нөлөө бүхий лам нарын нэг болох Ши Шуэчень (Shi Xuecheng) лхагва гарагт Хятадын Буддистуудын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон байна. Тэрбээр мөн Хятадын Коммунист намын хамгийн том шашны зөвлөхүүдийн нэг юм.
Түүний эмэгтэй шавь нар багшийнхаа эсрэг 95 хуудас гомдол гаргасан нь энэ сарын эхээр Хятадын сошиал сүлжээнд тарж томоохон дуулиан дэгдээж байв. Уг гомдолд нийтдээ зургаан эмэгтэй шавь нь Шуэчень ламтны бэлгийн дарамтанд өртөж байсан тухайгаа бичжээ. Багш нь тэдэн рүү бурхны номонд л лам нар гэлэнмаатай энгэр зөрүүлэхийг зөвшөөрдөг, ингэвэл ариусдаг гэсэн утгатай мессеж илгээдэг байсан талаар тэд мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Ши Шуэчень Бээжин хотын ойролцоо хууль бусаар газар худалдаж авч сүм дуган барьсан, намын хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогджээ.
"WeChat", "Weibo" зэрэг Хятадын цахим сүлжээнд уг хэргийн талаарх мэдээлэл тарсны дараа Хятадын Засгийн газар даруй тэдгээрийг устгаж эхэлжээ. Өчигдөр болсон Хятадын Буддистуудын холбооны зөвлөл ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэрийнхээ талаар ямар нэг тайлбар гаргаагүй юм.
Ши Шуэчень нь Хятадын хамгийн алдартай Буддын сүм хийдүүдийн нэг болох Бээжингийн Лончуань хийдийн хамба, Хятадын Буддистуудын холбооны ерөнхийлөгч, Хятадын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн аж.
Ши Шуэчений хэргийг тус улсын Шашны хэрэг эрхлэх үндэсний газар шалгаж эхэлжээ.