Харгис эцгээ хөнөөсөн гурван охинд 8-20 жилийн ял өгч магадгүй
Москвад өнгөрсөн долдугаар сарын 27-нд гурван охин төрсөн эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. 19, 18, 17 настай эгч дүүс эцгийнхээ дарамтыг тэвчихээ болиод уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа юм. 57 настай Михаил Хачатурян нь охидоо болон эхнэрээ хөнөөнө гэж сүрдүүлдэг байжээ. Шүүхээс охидыг урьдчилан тохиролцож бүлэглэн хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа аж. Тэдэнд 8-20 жилийн хорих ял оноож магадгүй байгаа юм. Эгч дүүс одоо мөрдөн байцаах тусгаарлах газарт өөр өөр камерт хоригдож байгаа бөгөөд хүүхдийн эрхийн байцаагч Анна Кузнецова гурван охины хамгийн багатай нь уулзсан байна. Мария Хачатурян болсон явдалд маш ихээр гэмшиж, харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүнийг мөрдөн тусгаарлах газрын харьяа сургуульд сургах боломжтой юм байна. Охинд одоо ээж юм уу, эгч нарынх нь тусламж маш их хэрэгтэй байгааг хүүхдийн эрхийн мэргэжилтэн хэлж буй юм.
Гурван охины ээж Аурелия Дундук нас барсан нөхөр нь түүнийг байнга зодож, хөнөөнө гэж сүрдүүлдэг байсан талаар ярьжээ. Бүсгүй удаан хугацаанд тэссэний эцэст гэрээсээ явсан аж. Нөхөр нь хүүхдүүдээ түүнтэй хамт явуулаагүй байна.