ЗТХ-ийн сайдад Л. Энх-Амгалан, Д.Дамба-Очир нарын нэр яригдаж байна
ЗТХ-ны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч улмаар нэг нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсаны улмаас Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байгаа билээ.
Тодруулбал, Энэ сарын 12-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар салбартаа олон жил ажилласан Л.Халтарыг томилсон.
Харин дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад хэн томилогдох бол гэсэн хүлээлт олны анхаарлын төвд байгаа. Тус яамны сайдад нэлээд хэдэн хүн горилж байгаа аж. Тодруулбал, Эх сурвалжийн мэдээлснээр Зам тээврийн хөгжлийн сайдад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын нэр яригдаж байгаа аж.
Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг "ЗТХ-ийн сайдаар томилогдоно" гэх мэдээлэл мөн гарсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд тус мэдээлэлд хариулт өгөхдөө "Бид 2016 онд МАН иргэдийн итгэл найдварыг хүлээж 65-н суудал авч Төрийн бүх шатанд ажиллаж байна. Тиймээс төрийн үйл хэргийг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэж ирэх онуудад ард түмнээрээ дүнгээ тавиулах ёстой. Намайг сайд болно гэсэн яриа гарсан байна лээ.Би сайд болохгүй. С.Бямбацогт
сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван бай" хэмээн хэлсэн юм.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хийх ажил их байна. Намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана” хэмээн хэлсэн юм.
Харин МАН-ын Удирдах зөвлөл дээр Зам тээврийн хөгжлийн сайдад нэр нь яригдаж байгаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хувьд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хонгорыг хордуулсан гэх асуудалд ч нэр нь холбогдож байсан нэгэн. УИХ-ын 2016 сонгуулийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг Д.Хаянхярваа толгойлох болсон. Тэрбээр өмнө нь МАН-ын даргад мөн нэр дэвшиж байсан билээ.
Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хувьд 2012 оноос улс төрд хөл тавьсан.Тодруулбал, 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан. Мөн 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Түүний хувьд нам дотроо эдийн засгийн мэдлэгтэй, зангарагтай гишүүдийн нэгд тооцогддог нэгэн.