Р.Эмүжин: Наад ЗТЯ чинь Монгол Улсын төлөө биш, харъяалагддаг мафийн боссынхоо төлөө ажилладаг
Хүний амь эрсдэж байж Зам тээврийн яаманд мафийн ажиллагаа гүн нэвтэрснийг илчиллээ. Үнэндээ бол энэ яам Монголын олигархуудын хамгийн том тулаан өрнөдөг газар.
Бас АН болон МАН-ын төлөөний хүмүүсийн жинхэнэ улаан гараараа нударга зөрүүлдэг алба. Нуугдаж хундага тулгадаг ширээ. Хуучин болон шинэ сайдуудын эрх ашиг зэрэгцэж үйлчилдэг төв цэг. Огцорсон болон одоо ажиллаж буй Засгийн газрын эрх мэдэлтнүүдийн заамдалцаж авдаг онцгой бүс.
Хойд болон урд хөршийнхөн Монголыг наймаалцдаг хар зах. Аль ч утгаараа гэр бүлдээ хайртай хүн шагайгаад байх газар ЗТЯ биш. Үр хүүхэддээ энэрэлтэй хүн үлдэх гэж хичээгээд байх сэнтий ч биш. Ёстой Ж.Бат-Эрдэнэ тулдаа л аль алийг нь туучиж, тэсч, тэнцвэр барьж хэдэн сар удирдлаа. Түүнийг Женкогийн хүн ч гэлцдэг, биш ч гэлцдэг. Зориуд Хүрэлсүхэд иймэрхүү ойлголт төрүүлэх үгийг Баттулга өөрөө ч бас Парламентийн индэр дээрээс хэлж л байсан.
Одоо оронд нь томилогдох хүнээс Монгол Улсын нэг, хоёр, гуравдугаар хүн хоорондоо ямархан эв түнжинтэй, хаашаа хараад яваад байгаа нь тодорхой харагдана. Энэ яамнаас зугтаж гарсан нэг мэргэжилтний яриаг би тодхон санаж байна. "Загалмайлсан эцэг"-ийг шүтэн биширдэг нэгэн эр сайдаар ирмэгцээ хамгаалалтын гэх хоёр булчин болсон залуугаар мань мэргэжилтнийг нам сахиулчихсан гэдэг.
Тийм ч тендэр, ийм ч бичиг баримт, тэр ч судалгаа, энэ ч хяналт шалгалт гээд орохгүй юмгүй онгичихгүй цаасгүй хэд хонож. Тендэрт шалгаруулах компанийн нэр өгөөд, бүх бүрдүүлэх ёстой бичиг цаасыг нь уг компанийн өмнөөс өөрөө бүрдүүлээд, өөрөө шалгаруул гэж нөгөө мэргэжилтнээс шаардаж дээ. Хөөрхий нөгөө сайдын лообийдоод байгаа компани нь бичиг цаасаа боловсруулах мэргэжилтэнгүй юм байлгүй.
Ажлын цаг дуусчихлаа, харья гэхэд нь нөгөө хоёр булчин болсон эр "Хүүхдийг чинь бид хоёр цэцэрлэгээс нь авчихна шүү" гэж дарамталсан гэдэг. Азаар өнөөх өдөржин дарамтанд ажилласан мэргэжилтэн бас нэг булчин болсон, хамгаалалтын гэх хоёр залуутай салбар нэгтэй дүүгээ дуудаж байж асуудлаас мултарсан юм билээ...төдөлгүй өвчний нэр барьж албаа чимээгүйхэн хүлээлгэж өгөөд амь амьдрал, үр хүүхэд, гэр бүлээ аварч, өөрөө ч мэнд салсан түүхтэй.
Хохирогч Г тэр хэвээрээ зүтгээд, гүрийгээд яваад байсан бол бас л дөрвөн хүүхдээр нь барьцаалах байсан, магадгүй гэр бүлээр нь хохироох байсан. ЗТЯ-нд бугласан мафийн сүлжээг хэд гурван гөлөг ажлаас нь халаад устгана гэж үгүй. Тийм ч болоод Цогтгэрэл ч бил үү, хөгийн хувиа хичээгчид өөрийгөө тойруулан шоу үйлдвэрлээд сууж байна. Наад ЗТЯ чинь Монгол Улсын төлөө биш, харъяалагддаг мафийн боссынхоо төлөө ажилладаг.
Төртэй холбож, ганц төржүүлж байсан гүүр нь харин өнөө муу Ж.Бат-Эрдэнэ байсан биз. Ер нь тэгээд энэ яамыг удирдана гэдэг чинь алаан байхгүй юу, эрлэгийн элчийн үүдэнд мөрийтэй тоглоод сууж байна л гэж мэд. Хүний амь эрсэдлээ. Яамныхаа өмнөх талбай дээр нэгийгээ нохой шиг зодоод алчихлаа.
Үүнээс өөрөөр мафижсан байгууллага гэдгийг яаж батлах юм? Энэ баримтан дээрээ тулгуурлаад төрд шургалсан мафиа задалж чадвал нэг алхам урагшилна, эс бөгөөс дараагийн удаа хэн нэгний гэр бүл дахиад л барьцаалагдаж, дахин үүнээс ч том хэрэг ил, далд дэгдэнэ. Аягүй бол өмнөх талбайдаа буудалцах байлгүй. Хэдэн зуун тэрбумыг тойрсон мексик бүжиг, итали маягийн сүлжээ гэдэг чинь энэ дээ..."Загалмайлсан эцэг" киног үзэх хэрэггүй, ЗТХЯ дээр угаасаа тэр киноны зураг авалт явагдаж байгаа...гээд хэлчихье, зүгээр.
Р.Эмүжин